За даа, улс удирдана гэдэг амаргүй ажил. Ухаантай нэгэн байхад зориг дутах нь бий. Зоригтой нэгэн байхад ухаан дутах нь элбэг. Тиймээс ухаан, зоригийг тэнцүүлсэн хүн улсын Ерөнхий сайд хийнэ гэдэг энэ цаг үед манай улсад лав алга гэдгийг харцгааж байна. Ямар сайндаа л Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Харвард төгсөгчдөөс ХААИС төгсөгчид нь эх оронч” хэмээн Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийгээ цахим сүлжээнд бичин тавлаж байгаа нь нотлоод өгч байгаа юм. Засгийн газраас дэвшүүлж байгаа хөтөлбөр, гаргаж байгаа бодлого шийдвэр нь амнаас ам дамжигдаж байгаагаас бодит ажил хэрэг болж байгаа зүйл алга. Өдрөөс өдөрт иргэдийн амжиргаа хумигдаж, орлого буурч, өр зээлийн хавханд улсаараа орчихоод байна. Валютын ханшийн өсөлт, төгрөгийн уналт, гадаад, дотоод өр зээлийн асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртлээ аюулын харанга дэлдчихлээ. Улс гэр минь бүхэлдээ “ул” болж, Засгийн газрын тэргүүн л сайхан харагдаж “зул” болж байна. Улс нь дампуурч байхад Ерөнхий сайд нь гоё байгаад яах вэ дээ. 

Сүүлийн үед нэгэн сонирхолтой яриа газар авах болсон нь Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хамтлаг дуучдын клип хийдэг байсан “Hero” Б.Баатар найруулагчийн үгээр улс удирдаж байна гэх яриа юм. Б.Баатар нэгэнтээ “Би романтик хүнд их дуртай. Романтик хүмүүс л дэлхийг өөрчилдөг. Түүнээс биш прогматик хүмүүс хэзээ ч улсыг өөрчилж, хувьсгал хийдэггүй” хэмээн ярьсан байдаг. Тиймээс их л романтик улс төрийг бид үзэж байгаа байх нь. Романтик хувьсгалын үр дүнг улсаараа мэдэрнэ гэсэн үг болж таарч байна. Б.Баатар дэглэж Х.Баттулгын Ерөнхийлөгч болохдоо дэвшүүлсэн “Монгол ялна” болхи уриа нь түүнийг Төрийн тэргүүн болгосон ч улс нь ялагдсан түүх саяхных. Видео, клипны зах зээлээс улс төрийн найруулагчийн сэнтийд тэр заларсан. Иймэрхүү романтик зүйлсээр Монголын ард түмний тархийг угаахдаа гаршсан нэгэн.

Романтик Б.Баатарын санаагаар улс нь ядуу, иргэд нь бухимдалтай байсан ч Монголын ард түмэнд “Зургаан залуу заан” хэмээн хүндлэгддэг бөхчүүдийг нэг дор цуглуулан өөрийн дүү, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг нэвтрүүлэгт багтааж нийгмийн бухимдал стрессийг зургаан залуу заанаар тайлуулж байх жишээтэй. Л.Оюун-Эрдэнэд бухимдсан монголчууд зургаан залуу зааныгаа нэг дор цуглан нэвтрүүлэгт орсныг харж баясаж байснаас Ерөнхий сайдын бодлого шийдвэр, энэ улсын хүндрэл бэрхшээлийг мартсан байлаа шүү дээ.

Сар шинийн босгон дээр улсын залуу арслан Б.Орхонбаярын нэвтрүүлэг гарлаа. Өнөө л “Hero” Б.Баатар төөрсөн дүү Л.Оюун-Эрдэнийгээ Б.Орхонбаярын нэвтрүүлгийг үзэх ард түмний хүсэл дээр чихэж байгаад баахан улстөржүүлсэн. Өнгөн талдаа Ерөнхий сайдын пи ар дээр ажиллаж байгаа мэт боловч цаагуураа улс төрийн хар зургийг нь гаргаж өгдөг талаар намынхан нь ярьж байгаагаас үзвэл үнэний ор илүүтэй. Тэр хар пи ар-даа дэндүү гаршсан. Улс төрд гаргая гэсэн хүнээ гаргаж, унагая гэсэн хүнээ “Наадамд монгол адуу уралдах ёстой” хэмээн хэлүүлж, хэн нэгнийг мангас болгож ч чаддаг тийм шидийг эзэмшсэн нэгэн. Гэх мэтчилэн түүний оролцоо МАН-д, Засгийн газарт үлэмж нэмэгдэж үргэлж зааж зөвлөж яваа нь энэ улсын хувь заяаг тэр шийдэж байгаа юм биш биз хэмээн хардахад хүргэж байгаа юм.

“Hero” Б.Баатар муу найруулагч биш. Студийн найруулагчаас улс төрийн найруулагч болтлоо тэр өөрийгөө бэлдсэн байна. Ямар ч байсан Хэнтий аймагт “Андлалын хөшөө” гэгч аймшгийн киноны зураг авалт хиймээр зүйл босгосон ч ард түмний шаардлагаар түүнийгээ нурааж гүйцэтгэгч компани нь улсад учруулсан хохирлоо эргүүлэн төлсөн байдаг. Энэ мэтчилэнгээс эхлээд алдаа оноотой ч ахын хувиар дүүдээ тус болчих гээд яваад байгаа гэх. Засагт бүтэл муутай хэдэн сайдыг хүчээр чихэж байгаад нэг малгайд багтаасан нь түүний л санаа гэх юм билээ. Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, Ж.Сүхбаатар гэх мэтчилэн эсэргүү талын төлөөлөгчдөө дарж авахын тулд зайлшгүй сайд болгох шаардлагатай байсан талаар ойрын хүрээний хүмүүс нь ярьсан нь оргүй зүйл биш. 

Б.Баатар “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгч, П.Анужинг УИХ-ын гишүүн болгочихсон л хүн. У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан бичлэгээ алдсан нэрээр түүнд улс төрийн оноо цуглуулж, өнөөдөр У.Хүрэлсүх Төрийн тэргүүн болчихсон байна. Улс төрд тэр мэдрэмжтэй байна. Х.Баттулга, У.Хүрэлсүхээс эхлээд хүссэн хүмүүсээ төрийн өндөрлөгт залчихсан. Одоо бол тэр ганцхан Л.Оюун-Эрдэнийн ах. Дүү нь Засгийн газрыг тэргүүлж байгаа цаг үед муу нэр зүүлгэхгүй байх ёстой хэмээн Засгийн газрынх нь ажилд зөвлөж, намын даргынх нь ажилд тус дэм болж явна. Нүүрсний хулгайгаас үүдэлтэй “5Ш ажиллагаа” нь “Hero” Б.Баатарын бүтээл байж магадгүй талаар намынхан нь ярих болж. Үүнээс тэд улс төрийн оноо авч улс хөгжинө гэхээсээ илүү 2024 онд ялалт байгуулах ганц найруулга хийж суугаа гэх юм билээ.

Гэхдээ улс төр хийх, улс удирдах хоёр өөр юм. Өрсөлдөгчийг намнах, улс төрчийг харлуулах, цагаатган гаргаж ирэх гээд байж болох бүх замыг тэр харж зураглаж чаддаг болсон. Эрх барьж байгаа намын хувьд ирээдүйн улс орны хөгжил гэхээс илүү ирэх жилийн сонгуульд ялалт байгуулах пи ар-ын стратеги хэрэгтэй. Түүнийг нь дүүдээ зурж байна. Л.Оюун-Эрдэнэ гэдэг бие хүний ард түүний хэлэх үг, үйлдэл, бодлого, шийдвэрийг “Hero” Б.Баатарын толгойгоор явж байна гэвэл гайхах хэрэггүй. Х.Баттулга, У.Хүрэлсүхийн “бөндгөр”-ийг чиглүүлж байсан хүн дүүгийнхээ “бөндгөр”-т санаа зовохгүй байна гэж байхгүй. Тийм ч учраас үргэлж дэргэд нь зөвлөх болж. Товчхондоо Н.Энхбаярын бүхий л бодлого, шийдвэр гэргий О.Цолмонгоор дамждаг байсан талаар улс төрчид ярьдаг. Найруулагч Б.Баатар О.Цолмонгийн үүргийг гүйцэтгэж байгаа гэвэл хамгийн ойлгомжтой болох байх.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ улсыг удирдах хэмжээнд арай болоогүй байна. Харин улс төрд маш сайн боловсорч яваа залуу гэвэл үгүйсгэх хүн гарахгүй байх. Л.Оюун-Эрдэнийн насны залуугийнх уу, үзсэн туулсан нь үнэхээр багадаж байна уу, чадвар нь хүрэхгүй байна уу гэхчилэн асуултын тэмдэг маш олон байна. Б.Баатар ямартай ч сумын ЗДТГ-ын жижүүр хийж байсан залууг Монгол Улсын Ерөнхий сайд болгож чадсан. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгож үүнийхээ шагналыг дүүдээ өгсөн. Түүний улс төрийн найруулга хаана очиж зогсох эсхүл аль хүртэл явахыг таах аргагүй. МАН мандаж байгаа үед “Hero” Б.Баатар Л.Оюун-Эрдэнээс холдохгүй.

Украин улс жүжигчин Зеленскийгээр улсаа удирдуулж байхад Монгол Улс найруулагч “Hero”Б.Баатараар эрх баригч нам, Засгийн газраа чиглүүлээд үзэхэд алдах юмгүй гэж бодож байгаа бол маш том алдаа шүү. Украинд дайн болж байна…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу