Гадаад улсад буй монгол иргэд өчигдөр (2024.06.24) 2024 оны УИХ-ын сонгуулиа өгч дууслаа. Санал хураалт зургаадугаар сарын 20-ноос 23-ныг хүртэл үргэлжилсэн юм.

Энэ удаагийн сонгуульд нийт 13095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс ирц 50 хувь давсныг Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэв. Тодруулбал, БНСУ-ын Сөүл дэх салбар комисст сонгуулийн саналаа өгөхөөр 2656 иргэн бүртгүүлснээс 1845 хүн саналаа өгч, сонгогчдын ирц 69.47 хувь хүрчээ. 

Кувейт улсад оршин сууж буй иргэд 100 хувь саналаа өгсөн бол Бүгд Найрамдах Узбекстан улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улс, Бүгд Найрамдах Киргиз улс, Арабын Нэгдсэн Эмират улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улс, Арабын Бүгд Найрамдах Египет улс, Бүгд Найрамдах Беларусь улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Сингапур улсад оршин сууж буй иргэдийн ирц 90 гаруй хувьтай байсан аж.

Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлдэг.

Сонгуулийн ерөнхий хороо гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22.00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан, ил тод, нээлттэй явуулдаг.

Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон, дүнг мэдээлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл, зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт улс даяар санал хураалт хаагдаж, тоолж эхэлнэ. Энэ үеэр гадаадад амьдарч буй монголчуудын саналыг тоолох аж.

Сануулахад, гадаад улсад ажиллаж, амьдарч буй сонгогчид УИХ-ын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу нам, эвсэлд саналаа өгөх замаар сонгосон юм. Тойрогт нэр дэвшигчдийг сонгоогүй гэсэн үг. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу