Дагестаны тэргүүн Сергей Меликов Telegram сувагтаа нийтэлсэн дүрс бичлэгээр дамжуулан “15 цагдаа террорист халдлагын золиос боллоо” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн халдлагын үеэр хэд хэдэн энгийн иргэд амиа алдсан талаар нэмж мэдээлсэн байна.

Түүний хэлснээр, Махачкала, Дербент хотуудад үйлдэгдсэн халдлагыг зогсоосон бөгөөд зургаан зэвсэгт этгээдийг устгажээ. Дербент, Махачкалад зургаадугаар сарын 23-нд зэвсэгт этгээдүүд үнэн алдартны хоёр сүм, синагог, замын цагдаагийн постууд руу халдсан байна. Террорист халдлагатай холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Мөргөлдөөн болсон газар аюулгүй байдлын агентлагийн тэсрэх бөмбөгийн шинжээчид ажиллаж байгаа аж. Зэвсэгт этгээдүүдийн хамсаатнуудыг эрэн хайх шуурхай ажиллагаа үргэлжилж буй юм байна.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Махачкала, Дербент хотуудад зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэнтэй холбогдуулан Дагестанд өнөөдрөөс эхлэн гурван өдрийн гашуудал зарласан талаар Бүгд найрамдах улсын тэргүүн Сергей Меликовын засаг захиргааны Телеграм сувагт мэдээлжээ.

Гашуудлын өдрүүдэд бүс нутаг даяар төрийн далбааг бөхийлгөж, соёлын байгууллагуудын бүх үйл ажиллагаа болон телевиз, радиогийн хөгжөөнт нэвтрүүлгүүдийг зогсоосон байна.

Тус улсын эрх баригчид “Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн ар гэрийнхэнд тусламж үзүүлэх шаардлагатай арга хэмжээ авахыг Бүгд Найрамдах Дагестан Улсын Засгийн газар даалгасан” гэж мэгдэгджээ.

Ням гаргийн орой Дербент хотын еврейн болон үнэн алдартны шашны сүмүүдэд, Махачкала дахь Замын эргүүлийн албаны постод зэвсэгт халдлага гарчээ. Хэдэн цагийн дараа мөн Дербент хотоос холгүй орших Сергокала тосгонд буудалцаан болсон байна.

Хууль сахиулах байгууллагын ажилтнуудын мэдээлснээр, терроризмын эсрэг ажиллагааны үеэр халдлагад оролцсон таван этгээдийг устгажээ. Тусгай албаныхан халдлагад оролцсон гурван этгээдийн хэн болохыг тогтоосон байна.

Дагестаны хууль сахиулах байгууллага дахь эх сурвалжууд “Дээрх гурван этгээд Сергокалинский дүүргийн дарга Магомед Омаровын хоёр хүү, мөн ач хүү нь байсан” гэж мэдээлжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, Омаровыг баривчилж, түүний гэрт нэгжлэг хийсэн байна.

Эх сурвалж: VESTI, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу