Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху Газын өмнөд хэсэгт орших Рафах дахь тулааны “эрчимтэй үе шат” бараг дуусч байна. Гэвч энэ нь дайн дуусч байна гэсэн үг биш. ХАМАС-ыг бүрмөсөн зайлуулах хүртэл дайн үргэлжилнэ” гэж мэдэгджээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Израилийн зэвсэгт хүчин удахгүй “Хезболла”-гийн үйл ажиллагаа эрчимжиж байгаа Ливантай хиллэдэг хил дээр цэргээ дахин байршуулна” хэмээсэн байна. Нетаньяху мөн Баруун эрэгт байрладаг Палестины эрх баригчид ХАМАС-ын оронд Газын зурвасыг удирдах ёстой гэсэн санааг дахин үгүйсгэжээ.

Нетаньяху Израилийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Бид бүс нутгийн тодорхой улс орнуудын дэмжлэг, удирдлагын тусламжтайгаар иргэний засаг захиргаа бий болгох шаардлагатай. Энэ бол урагшлах зөв зам гэж би бодож байна” гэж хэлсэн байна. Тэрбээр “Би юу хийхэд бэлэн биш байгаагаа хэлье. Би Палестины эрх баригчдад тус бүс нутгийг өгөхөд бэлэн биш байна” гэжээ.

Нетаньяху CNN-д хойд хилийн асуудлаар ярихдаа “Бидний нэгдүгээр зорилго хамгаалах, хоёрдугаар зорилго иргэдээ орон гэрт нь буцаах. Хэрвээ бид энэ бүхнийг улс төрийн арга замаар хийж чадвал сайн, эс чадваас өөр арга замыг эрэлхийлнэ. Аль ч тохиолдолд бид бүх иргэнээ орон гэрт нь буцаана” гэж хэлсэн байна.

ХАМАС-тай үргэлжилж буй мөргөлдөөнийг энхийн гэрээгээр дуусгах боломжтой эсэх талаар асуухад тэрбээр “Хэрвээ гэрээ гэж байх бол тэр нь зөвхөн манай нөхцлөөр л байна. Манай нөхцөл бол дайныг дуусгах, Газыг орхин гарах, ХАМАС-ыг үлдээхийн аль нь ч биш. Би ХАМАС-ыг зүгээр орхихыг зөвшөөрөхгүй. Бид тэднийг бүрэн устгана” гэж мэдэгджээ.

Израилийн Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант Газын зурвас дахь дайн болон Ираны дэмжлэгтэй “Хезболла” зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаа эрчимжиж, байдал хурцадсан талаар хэлэлцэхээр Вашингтонд айлчилж байгаа аж.

Палестины зэвсэгт бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израилийн өмнөд хэсэгт халдлага үйлдсэний хариуд Израилийн зэвсэгт хүчин ХАМАС бүлэглэлийг устгах кампанит ажлыг эхлүүлсэн. Энэ үеэр 1200 орчим хүн, голдуу энгийн иргэд амь үрэгдэж, 251 хүн барьцаалагдсан билээ.

Эх сурвалж: BBC, CNN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу