Гадаад улсад буй иргэд 2024 оны УИХ-ын сонгуулийн саналаа зургаадугаар сарын 20-ноос 23-ны хороонд өгсөн. Сонгогчдын ирцийн талаар Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Амарсайхан “2024 оны УИХ-ын сонгуулийн хилийн чанадад буй иргэдээс санал авах ажиллагаа цагийн өмнө хаагдсан. Хамгийн сүүлд Улаанбаатар хотоос 15 цагийн зөрүүтэй АНУ-ын Сан Франциско дахь Ерөнхий консулын газрын сонгуулийн үйл ажиллагаа дууслаа.

Энэ удаагийн сонгуульд нийтдээ 13 мянга 95 хүн саналаа өгөхөөр бүртгүүлснээс 9579 буюу 73.2 хувь нь саналаа өглөө.

Хилийн чанад дахь Монгол Улсын бүх дипломат төлөөлөгчийн газарт санал авах үйл ажиллагааг зохион байгуулсан. Нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт Сонгуулийн Ерөнхий хороо гаргана. Саналаа өгсөн иргэн саналын хуудсаа өөрөө битүүмжлээд, сонгуулийнхаа комисст өгч байна. Түүнийг нь дипломат шуудангаар татаж авчраад, төрийн хамгаалалтад байлгаж байгаад, энэ сарын 28-нд тоолно. 

Санал хураалтад иргэдийн оролцоо хангалттай байсан. Сонгуулийн санал авах өдрийг ажлын хоёр, амралтын хоёр гээд нийт дөрвөн өдөр болгосон нь ирц сайн байхад нөлөөлсөн гэж үзэж байна. Мөн сонгуулийн бүртгэлийг анх удаа цахимаар явуулсан. Зарим иргэд улс орныхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаар, сонгох эрхээ эдлэхийн тулд 500-1000 км аялж ирсэн. Эдгээр иргэнд талархсанаа илэрхийлье.

БНСУ, АНУ, Австрали, ХБНГУ, БНХАУ зэрэг улсуудад амьдарч буй монголчууд хамгийн олон санал өгсөн. Тодруулбал, БНСУ-аас 2057 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 69 хувь нь өгсөн. Харин Монгол Улсын иргэд цөөхөн амьдардаг орнуудын ирц 100 хувь байсан. 

Сануулахад, 2021 онд Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаад улсад амьдарч буй 2500 орчим иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд, ирц 74 хувьтай байсан. Энэ жил бүртгүүлсэн иргэдийн тоо өссөн учир үндсэн үзүүлэлт нь өндөр байлаа” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу