БНСУ, АНУ, Японы өндөр албан тушаалтай дипломатууд Орос, БНАСАУ цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгааг буруушаажээ. Энэ талаар Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамнаас нийтэлсэн хамтарсан мэдэгдэлд дурдсан байна.

Тус яамны Стратегийн мэдээллийн газрын дарга Чо Гу Рае, Японы ГХЯ-ны Ази, Далайн газрын захирал Хироюки Намазу, АНУ-ын Төрийн департаментын БНАСАУ-ыг хариуцсан өндөр албан тушаалтан Жон Пак нар энэ сарын 24-нд утсаар ярьжээ.

Хамтарсан мэдэгдэлд “БНАСАУ, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг БНСУ, АНУ, Япон эрс буруушааж байна” гэж дурдсан байна. Тэдний үзэж буйгаар, ОХУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ нь Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал, цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх дэглэмд санаа зовоход хүргэж байгаа аж.

Мөн мэдэгдэлд БНСУ, АНУ, Япон нь БНАСАУ-аас бүс нутаг болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж буйг сөрөн зогсохын тулд дипломат болон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэх хүсэлтэй байгаагаа дахин нотлов” гэж дурджээ. Дипломатууд Пёньянтай яриа хэлэлцээ хийх боломж бийг онцлоод, БНАСАУ-д “өдөөн хатгалга хийхгүй байхыг” зөвлөсөн байна.

Эх сурвалж: TASS, ZERKALO
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу