“Bridge real state” компанийн захирал М.Баярмаа их хэмжээний мөнгө зээлж, “Хүүнд нь байрандаа үнэгүй суулгана” хэмээн, 280 гаруй иргэнийг хохироосон талаар иргэдийн төлөөлөл өнөөдөр (2024.06.24) мэдээллээ.

“МӨНГӨӨ ЛУЙВАРДУУЛСАН ИРГЭД ШАНТАРЧ ЭХЭЛЛЭЭ”

Тэд “М.Баярмаа захирал иргэдээс 25-200 сая төгрөг авсан. Хохирогчид бүгд “Bridge real state” компанид итгэж, гэрээ байгуулсан юм. Энэ компани анх нэртэй жүжигчид, олны танил хүмүүсээр реклам хийлгэж, олны итгэлийг олж авсан.

Бид М.Баярмааг мөнгөө буцааж өгөх болов уу гэж бүтэн жил хүлээлээ. Өнгөрсөн хугацаанд мөнгөө өгсөн хүмүүсийн нөхцөл байдал хэцүүдсэн. 280 хүн цагдаад хандаад, өнгөрсөн долоо хоногт л прокурор руу шилжсэн. Цаашлаад хэзээ шүүхэд очих юм, бүү мэд.

Энэ компанийн захирал “Цэцэрлэгт хүрээлэнгийн тал газар минийх, энд хөрөнгө оруулалт авахаар удахгүй мөнгөө өгнө” гэж үлгэр ярьсаар бүтэн жил болсон. Энэ хугацаанд зарим иргэн амьдрах газаргүй болоод байна.

Хууль хяналтын байгууллага ажлаа зохих ёсоор хийдэггүй. Нийт 280 гаруй иргэнээс авсан 5-6 тэрбум төгрөгийн хохиролтой хэрэг гээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст бүтэн жил шалгагдаад, Хан-Уул дүүргийн прокурор руу шилжүүлсэн.

Олон хохирогчтой, их мөнгөний хэрэг учраас шалгах шаардлагатай байна гэсэн тайлбарыг хуулийнхан өгдөг. Гэвч ажилдаа хойрго хандаж байгаад хохирогчид бид сэтгэл дундуур байна.

Мөнгөө луйвардуулсан иргэд шантарч эхэллээ. Мөн ганцхан М.Баярмаа дээр хэрэг үүсгэснийг ойлгохгүй байна. Уг компанийн менежер Төгөлдөр, Халиун, Хулан гээд олон хүн бий. Биднийг хохироосон хүмүүс дахин өөр компани байгуулаад явж байна.

Олон хохирогчтой байх тусмаа иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулаад, бүтэн жил шалгасан мөртлөө дахин материал дутуу гээд буцаах маягаар хөөн хэлэлцэх хугацааг дуусгах гэж байна гэж хардаж байна. Өнгөрсөн хугацаанд цагдаа дээр шалгагдаж байгаа атлаа дахин өөр хүмүүсийг ч хохироож байж болзошгүй” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу