Нэг. ТАНЫ АНХААРАЛД

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар, орчны, тоон загварчлал, судалгааны Хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2024 оны 7–9 дүгээр саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.

Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас тогтоосноор, олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.

Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11–326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.

Хоёр. ТОЙМ

2.1 7–9 дүгээр саруудын уур амьсгал

Сарын дундаж агаарын температур VII сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8…14°С, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 20…26°С, бусад нутгаар 14…20°С дулаан байдаг.

VIII дугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8…12°C, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 20…26°C, бусад нутгаар 12…20°C дулаан байдаг бол харин бол IX сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 2…8°С.

Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12…18°С, бусад нутгаар 8…12°С дулаан байдаг.

Хур тунадасны хувьд VII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна.

VIII сард Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 60–100 мм, Алтайн өвөр говиор 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм бороо ордог. IX сард Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 25–40мм, Алтайн өвөр говиор 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна.

Гурав. 2024 ОНЫ 7–9 ДҮГЭЭР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

3.1 2024 оны 7–9 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8…12°С, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20…26°С, бусад нутгаар 14…20°С дулаан байдаг (Зураг 1а).

Зураг 1а. 7 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

7 дугаар сарын агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Өмнөговийн баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас дулаан, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд, Хэнтийн ихэнх, Дорнодын хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).

Зураг 1б. 7 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Н–агаарын температур ОЖД–ийн орчим,

Д–агаарын температур ОЖД–аас дулаан

Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Булган, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд, Дорнодын зүүн хэсгээр 70–100 мм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 0–30 мм, бусад нутгаар 30–70 мм бороо ордог байна (Зураг 2а).

Зураг 2а. 7 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020) 

7 дугаар сарын нийлбэр хур тунадас Увсын ихэнх, Завхан, Хэнтий, Дорнодын нутаг, Хөвсгөл, Архангайн баруун, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн, Баянхонгор, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 2б).

Зураг 2б. 7 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД-ийн орчим,

И–хур тунадас ОЖД–аас ахиу]

Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8…12°C, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20…24°C, бусад нутгаар 12…20°C дулаан байдаг (Зураг 3а).

Зураг 3а. 8 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

8 дугаар сарын агаарын дундаж температур Баян­–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгор хойд, Булган, Өвөрхангайн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).

Зураг 3б. 8 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

   [Д–агаарын температур ОЖД–аас дулаан,

   Н–агаарын температур ОЖД–ын орчим] 

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–20 мм, бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог (Зураг 4а).

Зураг 4а. 8 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020) 

8 дугаар сарын нийлбэр хур тунадас Өмнөговь, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 4б).

Зураг 4б. 8 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[И–хур тунадас ОЖД–аас ахиу,

Н–хур тунадас ОЖД-ийн орчим]

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 4…8°С, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь баруун болон зүүн, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12…18°С, бусад нутгаар 8…12°С дулаан байдаг (Зураг 5а).

Зураг 5а. 9 дүгээр сарын агаарын температурын ОЖД (1991-2020) 

9 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).

Зураг 5б. 9 дүгээр сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C)

[Н–агаарын температур ОЖД–ын орчим]

Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд хэсгээр 25–40 мм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 0–5 мм, бусад нутгаар 5–25 мм хур тунадас ордог байна (Зураг 6а).

Зураг 6а. 9 дүгээр сарын хур тунадасны ОЖД (1991-2020)

9 дүгээр сарын нийлбэр хур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6б).

Зураг 6б. 9 дүгээр сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм)

[Н–хур тунадас ОЖД-ийн орчим]

3.2 Зөвлөмж

7 дугаар сард баруун аймгуудын нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр олон жилийн дунджаас сэрүүн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадасны Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. 8 дугаар сард агаарын температур баруун болон төвийн аймгуудын нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас дунджийн орчим байгаа бол зүүн болон говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орох төлөвтэй байна. 9 дүгээр сарын хувьд агаарын температур, хур тунадасны нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.

Зуны саруудад хур тунадас ахиу орох төлөвтэй байгаа бүс нутгуудад гэнэтийн ус ихтэй аадар бороо орох, голын усны түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.

Эх сурвалж: УС, ЦАГ УУР, ОРЧНЫ СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН ХҮРЭЭЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу