Сонгууль бүрийн өмнө яригддаг нэг асуудал бол “Царцааны нүүдэл”. Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдах учир “царцааны нүүдэл” багасна хэмээж байсан боловч өмнөх жилүүдээс ч илүү олноор “нүүсэн” гэх асуудал маргаан дагуулж байна. Үүнтэй холбогдуулан 2024 он гарснаас хойших шилжилт хөдөлгөөний нарийвчилсан мэдээллийг боловсруулан хүргэж байна. 

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд болно. Хуульд заасны дагуу эл өдрөөс 60 хоногийн өмнө шилжилт хөдөлгөөнийг зогсоодог билээ. Энэ дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 28-нд иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоосон.

Он гарснаас хойш шилжилт хөдөлгөөнийг зогсоох хүртэлх хугацаанд 70071 иргэн шилжилт хөдөлгөөн хийжээ. Үүний 27321 нь нийслэл болон орон нутаг хооронд шилжсэн бол 42750 нь нийслэл дотроо байна.

-УВС АЙМАГ РУУ ХАМГИЙН ОЛОН БУЮУ 2465 ХҮН ШИЛЖЖЭЭ-

Он гарснаас хойш Увс аймаг руу 2465 хүн шилжин очжээ. Орхон руу 1784, Ховд руу 1110, Төв рүү 1098, Дархан-Уул руу 1081 иргэн шилжсэн байна. Харин Сүхбаатар, Баян-Өлгий аймгууд руу хамгийн цөөн хүн шилжин суурьшжээ.

-БАРУУН БҮСИЙН АЙМГУУД РУУ 4870 ИРГЭН ШИЛЖСЭН БАЙНА-

УИХ-ын сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн билээ. Иймээс шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүсчилсэн байдлаар гаргав. Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийг хамарсан баруун бүсэд хамгийн олон буюу 4870 иргэн шилжин очжээ. 

-НИЙСЛЭЛЭЭС ОРОН НУТАГ РУУ ШИЛЖИГЧДИЙН ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ-

Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Улаанбаатараас орон нутаг руу жилд дунджаар 11-12 мянган иргэн шилждэг байна. Гэтэл энэ оны эхний дөрвөн сард 9420 иргэн орон нутаг руу шилжсэн байна.

Нийслэлээс орон нутаг руу шилжсэн иргэдийн тоон мэдээллийг аймаг, аймгаар нь ангилан харвал, дараах дүр зураг ажиглагдаж байна. Тодруулбал, 17.8 хувь нь буюу 1679 нь Увс аймаг руу шилжин очжээ. Харин Баян-Өлгий рүү хамгийн бага буюу 73 иргэн шилжсэн байгаа юм. 

-БУСАД ДҮҮРГЭЭС БАЯНЗҮРХ, ХАН-УУЛ РУУ ШИЛЖСЭН ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙНА-

Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийслэл дотор буюу дүүрэг хооронд 42750 хүн шилжилт хөдөлгөөн хийсний дийлэнхийг нь Баянзүрх болон Хан-Уул дүүрэг эзэлж байгаа юм. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 12107 хүн шинээр бүртгэл хийлгэжээ. Харин Хан-Уул дүүрэгт 10969 хүн шилжин очсон байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу