“WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж 2019 оноос хойш хоригдож байсан Британийн “Белмарш” шоронгоос суллагдаад, төрөлх Австралидаа нисч, гэртээ харьжээ.

Лондоны шүүхээс батлан ​​даалтад гаргах шийдвэр гаргаж, Белмаршийн чанга дэглэмтэй шоронд 1901 хоног хоригдсон түүнийг зургаадугаар сарын 24-ний өглөө сулласан байна. Мөн өдрийн үдээс хойш тэрбээр Стэнстед нисэх онгоцны буудлаас Австрали руу нисчээ. 

Жулиан Ассанж АНУ-ын прокуроруудтай хийсэн хэлэлцээрийн хүрээнд буруугаа хэсэгчлэн хүлээн зөвшөөрч магадгүй байгаа талаар АНУ-ын нэгдсэн зохион байгуулалттай нутаг дэвсгэрийн статустай Хойд Марианы арлууд дахь АНУ-ын Холбооны дүүргийн шүүхийн цахим мэдээллийн сангаас нийтэлсэн баримт бичигт дурдсан байна.

АНУ-ын хуульч Шон Андерсон болон АНУ-ын Хууль зүйн яам дахь Үндэсний аюулгүй байдлын албаны төлөөлөгч Мэттью Маккензи нарын гарын үсэг зурсан баримт бичигт “Бид шүүгдэгчийг АНУ-ын үндэсний батлан ​​хамгаалахтай холбоотой нууц мэдээллийг хууль бусаар олж авах, тараах зорилгоор хуйвалдаан хийсэн хэргээ хүлээнэ гэж найдаж байна” гэж тэмдэглэжээ.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал зургаадугаар сарын 26-ны өдөр орон нутгийн цагаар 09:00 цагт (Москвагийн цагаар 02:00) Сайпан арлын шүүхэд болох юм байна.

Олон улсын хариу үйлдэл

Ассанж суллагдсан мэдээллийн дараа улстөрчид, нийгмийн зүтгэлтнүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлж байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Маржори Тэйлор-Грин Ассанж суллагдсаныг “аймшигтай мэдээ” гэжээ.

АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Майк Пенс энэ шийдвэрийг шүүмжилж, шударга ёсны алдаа гэж хэлсэн байна. Тэрбээр X-д “Зэвсэгт хүчний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй хүмүүстэй тохиролцох ёсгүй” гэж бичжээ.

Мексик, Колумб, Кубын ерөнхийлөгчид болох Андрес Мануэль Лопез Обрадор, Густаво Петро, ​​Мигель Диаз-Канел нар “WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагчийг сулласанд баяртай байгаагаа илэрхийлсэн аж.

Боливийн удирдагч Луис Арсе хэлэхдээ, Ассанж хавчигдаж, шоронд байх хугацаандаа олон гэмт үйлдлүүдийг илчилснийхээ төлөө зовж шаналсан. Энэ үйл явдал эрх чөлөө, нийгмийн шударга ёсыг тогтоохын тулд хувьсгалт тэмцэл зайлшгүй шаардлагатайг сануулж байна” гэжээ.

Ассанжийн хэрэг

Ассанж 2019 онд Лондон дахь Эквадорын Элчин сайдын яамнаас хөөгдсөнөөс хойш Белмарш шоронд хоригдож байв. Вашингтон таван жил гаруйн турш Их Британиас түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхийг хүсч байгаа бөгөөд түүнийг Америкийн түүхэн дэх маш нууц мэдээллийг задруулсан хэрэгт буруутгасаар буй юм.

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанезийн ажлын албанаас “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд таван жилээс дээш хугацаагаар хорих ял оноох төлөвтэй байгаа бөгөөд үүнд Их Британийн шоронд хоригдсон хугацаа багтах талаар мэдэгджээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу