Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулах асуудлаар дүүргийн ИТХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хүргэлээ. (2023.04.03) 

Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга, ИТХ-ын төлөөлөгч Н.Болдбаатар “Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн ИТХ-ын ээлжит хурал болж, Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахаар болсон. Хуралд 33 төлөөлөгч оролцож, олонхын саналаар Засаг даргыг огцруулах шийдвэрийг гаргасан. 2020 оны орон нутгийн сонгуулиас хойш МАН эрх барьж байгаа. Манай нам сөрөг хүчнээ хийгээд, өнөөдрийн дүүргийн Засаг дарга болон түүний баг хамт олонд хяналт тавьж ирсэн. 

Өнгөрсөн жил ИТХ-ын нийт төлөөлөгчдийн 73,9 хувь нь Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахыг дэмжиж, түүнийг огцруулахаар болсон. Гэтэл нийслэлийн Засаг дарга энэ шийдвэрийг хүлээж аваагүй. Ингээд энэ Ө.Сумьяабаатар жилийн турш Засаг даргын ажлаа хийсээр өдийг хүрлээ.

Бидний зүгээс ажлыг нь сайжруулах үүднээс Засаг даргатай олон удаа уулзаж, шахаж, хариуцлага нэхдэг байсан. Харамсалтай нь Ө.Сумьяабаатар Төсвийн хууль болон бусад хууль тогтоомжийг илт зөрчсөн нь 2022 оны нийслэлийн аудитын газрын дүгнэлтээр тогтоогдсон юм. Тийм учраас бид өнгөрсөн долоо хоногт хуралдаад, Ө.Сумьяабаатарыг огцруулах шийдвэр гаргасан. 

АН-ын бүлгийн төлөөлөгчид өөрсдийн эрх ашгийн төлөө яваагүй. МАН бүрэн эрхээ дуусгах жил хүртэл бид хяналт, шаардлага тавьсаар байх болно” гэлээ.

Үүний дараа Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч С.Мягмарсүрэн “Манай дүүрэгт нийтдээ 39 төлөөлөгч бий. Энд МАН, АН, ХҮН-ын төлөөллүүд багтдаг. Зөвхөн АН-ын төлөөлөгчид санал гаргаад дүүргийн Засаг даргыг солих гээд байгаа юм биш. Эрх барьж байгаа намын төлөөллүүд ч саналаа өгсөн” гэсэн юм. 

Сануулахад, Өнгөрөгч гуравдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаан болж, Засаг дарга Ө.Сумьяабаатарыг огцруулахаар болсон билээ. Үүнээс өмнө буюу 2022 онд Ө.Сумьяабаатарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, удаа дараа хууль бус үйлдэл хийсэн гэх баримт ил болж, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар огцруулах саналыг хэлэлцэн 40 төлөөлөгчийн 29 нь дэмжиж байсан юм. Ийн хоёр ч удаа түүнийг огцруулах ИТХ-ын шийдвэр гарсан боловч тэрбээр одоог хүртэл ажлаа хийсээр буй.

Ө.Сумьяабаатарыг УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар дэмжин Баянгол дүүргийн Засаг даргаар томилуулж байсан. Ж.Ганбаатарын хүн гэгддэг. Дүүргийн ИТХ-ын саналыг Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар эцэслэн шийдэх учиртай.

Ө.Сумьяабаатар нь улс төр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 2001 онд Шинжлэх ухааны академийн Философи социологи эрхийн хүрээлэнгийн улс төр судлалын секторт эрдэм шинжилгээний ажилтан болж, хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байжээ.

  • 2005-2008 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Ерөнхий сайдын шадар туслах, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын шинжээч,
  • 2014-2016 онд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв” улсын үйлдвэрийн газрын захирал,
  • 2016-2019 онд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын захирал,
  • 2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөх, 
  • 2020 оны долдугаар сараас Боловсрол, шинжлэх ухааны сайдын зөвлөх зэрэг албыг хашиж байжээ.

Мөн тэрбээр Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2012, 2016 онд дараалан сонгогдож байсан бөгөөд 2020 оны НИТХ-ын сонгуульд Баянгол дүүргээс өрсөлдөж, ялснаар Засаг даргаар томилогдсон юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу