2020-2024 оны хооронд парламентад суусан гишүүдийн 52 нь 2024 оны УИХ-ын сонгуульд дахин нэр дэвшиж байна. Өнгөрсөн дөрвөн жилд тэдний хөрөнгө, орлого нэлээд өсжээ. Үүнээс хөрөнгө нь тэрбумаар нэмэгдсэн хүмүүсийн мэдээллийг нэр дэвшиж буй тойрог тус бүрээр нь хүргэж байна. 

1-Р ТОЙРОГТ: Г.ТЭМҮҮЛЭНГИЙН ХӨРӨНГӨ 4 ЖИЛД 1.8 ТЭРБУМААР НЭМЭГДЖЭЭ 

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг хамарсан 1-р тойрогт нийт 81 хүн нэр дэвшиж буйгаас найм нь УИХ-ын гишүүн юм. Тодруулбал, МАН-аас Г.Занданшатар, Г.Ганболд, Л.Тогтохсүрэн, Г.Тэмүүлэн, С.Чинзориг нар, АН-аас Д.Ганбат, А.Адъяасүрэн, С.Ганбаатар нар буй. Эдгээр гишүүдийн хөрөнгө, орлого дөрвөн жилийн өмнөхөөс өссөн үзүүлэлттэй байгаагаас Г.Тэмүүлэнгийн хөрөнгө 1 тэрбум 856 сая төгрөгөөр өссөн нь анхаарал татаж байна. 

2-Р ТОЙРОГ: Ц.ЦЭРЭНПУНЦАГ ХАДГАЛАМЖДАА 1.3 ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЖЭЭ

Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймгийг хамарсан хоёрдугаар тойрогт УИХ-ын найман гишүүн өрсөлдөж байна. Тодруулбал, МАН-аас Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг, Б.Чойжилсүрэн нар, АН-аас О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ш.Адьшаа нар нэр дэвшиж буй юм.

Эдгээрээс анхаарал татаж байгаа нь, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийн хөрөнгө 1 тэрбум 711 саяар нэмэгджээ. 2019 онд тэрбээр хадгаламждаа хагас сая төгрөгтэй байсан бол энэ нь 1 тэрбум 840 сая болтлоо өссөн байна. 

Б.Чойжилсүрэнгийн жилийн орлого дөрвөн жилийн өмнө 28 сая төгрөг байсан бол 2023 онд 10 тэрбум болж, нэмэгджээ. Мөн тэрбээр 9 тэрбум төгрөгийн авлагатай болсон байна. 

3-Р ТОЙРОГ: ХӨРӨНГӨ НЬ ТЭРБУМААР НЭМЭГДСЭН ХҮН БАЙХГҮЙ Ч 200-300 САЯ ТӨГРӨГӨӨР ӨСЖЭЭ

Баян-Өлгий аймаг буюу УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрогт МАН-аас Т.Аубакир, АН-аас Б.Бейсен нар дахин нэр дэвшиж байна. Т.Аубакир 2019 онд байргүй байсан бол УИХ-ын гишүүн болоод 220 сая төгрөгийн байртай болжээ. Харин жилийн орлого нь 185 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Б.Бейсений тухайд хөрөнгө нь 370 гаруй сая төгрөгөөр өссөн байна.

4-Р ТОЙРОГ: Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ОРЛОГО ЭРС БУУРСАН Ч ХАУСТАЙ БОЛЖЭЭ

Хөвсгөл, Булган, Орхон аймгийг хамарсан эл тойрогт таван хүн дахин нэр дэвшиж байна. Тодруулбал, МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Д.Батлут, Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаатар, Л.Энх-Амгалан нар байна. Үүнээс УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хөрөнгө, орлого анхаарал татаж байгаа юм. Учир нь, түүний жилийн орлого 4.6 тэрбум төгрөгөөр буурсан ч хаустай болж, үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ 2.8 тэрбумаар нэмэгджээ. 

5-Р ТОЙРОГ: Г.ДАМДИННЯМЫН ХӨРӨНГӨ 1.3 ТЭРБУМААР НЭМЭГДЭЖ, Ч.УНДРАМ ТЭРБУМ ДАВСАН ҮНЭ БҮХИЙ ҮНЭТ ЭДЛЭЛ ЦУГЛУУЛЖЭЭ

Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийг хамарсан энэ тойрогт зургаан хүн дахин нэр дэвшиж байна. Тодруулбал, МАН-аас Ж.Батжаргал, Г.Дамдинням, Б.Жавхлан, Д.Өнөрболор, Ч.Ундрам, АН-аас Ц.Туваан нар юм. 2019 онд автомашингүй байсан Г.Дамдинням 2023 онд 299 сая төгрөгийн автомашинтай болж, хөрөнгө нь нийт 1.3 тэрбумаар нэмэгджээ.

Ч.Ундрам дөрвөн жилд нэг тэрбум давсан үнэт эдлэлтэй болсон байна. 

6-Р ТОЙРОГ: Ц.ИДЭРБАТ ХАГАС ТЭРБУМ ТӨГРӨГ НЭМЖ, ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ ТОМРУУЛЖЭЭ

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг хамарсан энэ тойрогт МАН-аас П.Анужин, Ц.Идэрбат, АН-аас Н.Ганибал нар дахин нэр дэвшиж байна. Ц.Идэрбат нэг орон сууц, нэг барилгатай болж, үл хөдлөх хөрөнгө нь 508 сая төгрөгөөр нэмэгджээ.

7-Р ТОЙРОГ: Б.ДЭЛГЭРСАЙХАН ТЭРБУМ ДАВСАН ҮНЭ БҮХИЙ АВТОМАШИНТАЙ БОЛЖЭЭ

Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь, Дундговь аймгийг хамарсан эл тойрогт МАН-аас Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Б.Саранчимэг, Т.Энхтүвшин нар дахин өрсөлдөж байна. 

Б.Дэлгэрсайхан 2019 онд 200 сая төгрөгийн үнэ бүхий “Range Rover” маркийн автомашин унадаг байсан бол үүнийгээ сольж, “Mercedes Benz, G 500” болон “Lexus, LX 600” гэх хоёр автомашинтай болжээ. Энэ нь нийт нэг тэрбум төгрөг давсан байна. 

8-Р ТОЙРОГ: Э.БАТ-АМГАЛАНГИЙН ХӨРӨНГӨ 2.3 ТЭРБУМААР ӨССӨН БАЙНА

Баянзүрх дүүрэгт МАН-аас Х.Булгантуяа, Э.Бат-Амгалан, Ж.Чинбүрэн, Б.Энхбаяр нар дахин нэр дэвшиж байна. Э.Бат-Амгалангийн хөрөнгө сүүлийн дөрвөн жилд 2.3 тэрбумаар нэмэгджээ. 

9-Р ТОЙРОГ: Х.ГАНХУЯГ 5 ТЭРБУМ ДАВСАН ХОЁР ХАУСТАЙ БОЛЖЭЭ

Баянгол дүүрэгт МАН-аас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг нар дахин нэр дэвшиж байна.  Х.Ганхуягийн тухайд, 5 тэрбум төгрөг давсан хоёр хаустай болжээ.

10-Р ТОЙРОГ: Д.ЦОГТБААТАР 2 ТЭРБУМ ДАВСАН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ БОЛЖ, ХӨЛЖЖЭЭ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг хамарсан уг тойрогт МАН-аас М.Оюунчимэг, Н.Учрал, Д.Цогтбаатар нар дахин нэр дэвшиж байна. Д.Цогтбаатарын тухайд, 2 тэрбум төгрөг давсан орон сууцтай болжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу