Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд найрамдах Узбекстан улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр өнөөдөр (2024.06.25) Монгол Улсын Элчин сайдын яамыг Ташкент хотноо нээлээ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Хоёр улсын төрийн тэргүүний ярьж тохирсны дагуу богино хугацаанд Элчин сайдын яамаа нээж байгаа нь Монгол Улс харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаагийн тод илрэл” гэж хэллээ.

Элчин сайдын яам худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн солилцоо, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахыг тэмдэглэв.

Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улс удахгүй Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг,  Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд А.Арипов, Гадаад хэргийн сайд Б.Саидов, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Элчин сайд Д.Батбаатар болон албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий консулын газар 1977-1994 онд Ташкент хотноо ажиллаж байсан. Өнөөдрийн байдлаар тус хотод 46 Элчин сайдын яам, Ерөнхий консулын гурав, Өргөмжит консулын 13 газар үйл ажиллагаа явуулж байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу