Улсын онцгой комисс (УОК)-оос өнөөдөр (2024.06.25) ойрын өдрүүдэд орсон усархаг борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ИРГЭД САНАМСАР БОЛГООМЖГҮЙ, ХАЙХРАМЖГҮЙГЭЭСЭЭ БОЛЖ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭЭ ЭРСДЭЛД ОРУУЛЖ БАЙНА

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.БАЯРХҮҮ:

-Сүүлийн 24 цагийн байдлаар Төв аймгийн Алтанбулаг сум орчимд Туул гол эргээсээ хальсан тул зургаан өрхийн 18 иргэний аюулгүй байдлыг хангасан. Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас онцгой байдлын байгууллага 200 гаруй дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Тухайлбал, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс Тэрэлж орчимд голын салаанд боогдсон иргэдийг аюулгүй газарт гаргасан бол Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс холбогдох мэргэжлийн байгууллагууд “Биокомбинат” орчмын айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлсэн.

Онцгой байдлын албаны аврагчид аюул эрсдэлд орсон хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө цаг нартай уралдан ажилладаг. Гэтэл иргэд хайхрамжгүй байдлаасаа болж, өөрсдийгөө эрсдэлд оруулж байгаа тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна.

Согтуудаа голын усанд машинтайгаа ороод суучихсан тохиолдолд манай аврагч нар ажиллалаа. Согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн голын эрэг дээр зогсож байгаад нурсан тухай дуудлагын дагуу ажиллаж, амь насыг нь аварсан. Энэ мэтчилэн иргэд өөрсдийн амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна.

Түүнчлэн Тэрэлж, Туул гол орчимд аврагч нар үүрэг гүйцэтгэх явцад аюулгүй газарт байгаа хэр нь гол гарах зорилгоор бөөнөөрөө хуурамч дуудлага өгсөн тохиолдол гарсан. Мэргэжлийн байгууллагууд болон онцгой байдлын алба хаагч нар эрсдэлд орсон иргэдийн амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө цаг нартай уралдаж ажилладаг учраас иймэрхүү болгоомжгүй үйлдэл гаргахгүй байхыг анхааруулъя.

Гол үерлэсэн эрсдэлтэй нөхцөлд шүхрээр бууж байгаад, голын салаанд газардчихлаа, бага насны хүүхэд морьтой явж байгаад голын салаанд боогдчихлоо гэх дуудлага мөн бүртгэгдсэн. Энэ бол байгалийн гамшигт өртөж байгаа хэрэг биш, өөрсдийн санамсар болгоомжгүй, хайхрамжгүйгээс болж амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгаа үйлдэл учраас дор бүрнээ анхааралтай баймаар байна.

УОК-оос голуудын усны түвшин нэмэгдсэн, эрэг нь идэгдэж, бат бэх байдал нь алдагдсан эрсдэлтэй нөхцөл үүссэн тул сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. Ялангуяа голын ус үерийн аюултай түвшинг давсан байгаа энэ үед голын эрэг орчимд амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгах, гарц гарамгүй газраар зорчихгүй байхыг анхааруулъя.

Он гарснаас хойш улсын хэмжээнд усны ослын 46 тохиолдол бүртгэгдэж, харамсалтайгаар 30 иргэн амь насаа алдсан байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу