Монгол Улсын хэмжээнд анх удаа орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүрэг дэлхийн жишигт нийцсэн стандарт бүхий, 200 ортой Сэлбэ нэгдсэн эмнэлгийг барьж, Улсын комисст хүлээлгэн өглөө.
Нэгдсэн эмнэлэг барих төслийг эхлүүлэхийн тулд 80 гаруй айлын газрыг чөлөөлүүлжээ. Энэхүү эмнэлэг Сэлбэ дэд төвийг түшиглэн, Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2.2 га талбайд байршиж байна.
Барилгын зохион байгуулалтын хувьд А, Б блок гэсэн хоёр үндсэн хэсэг, техникийн туслах байраас бүрдсэн нийт 12500 м2 барилгын талбайтай. Эмнэлгийн барилгын ажлыг 2021 оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд үргэлжилсэн юм.
Орчин үеийн эрүүл мэндийн салбарын стандарт бүхий дэлхийн жишигт нийцсэн энэхүү эмнэлэг нь үндсэн долоон мэргэжлээр буюу хүүхэд, эмэгтэйчүүд, чих, хамар, хоолой, дотор, мэдрэл гэсэн чиглэлээр Сүхбаатар дүүргийн 143 мянган иргэнд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх юм.
Нийт хэвтүүлэн эмчлэх 200 ортойгоор үйл ажиллагаа явуулах ба үүнээс хүүхдийн тусламж үйлчилгээнд 40 ор байхаас 4 нь хүүхдийн эрчимт эмчилгээний, насанд хүрэгчдийн 160 орноос 6 нь хүлээн авах яаралтай тусламжийн ажиглалт тусгаарлах, 20 нь насанд хүрэгчдийн эрчимт эмчилгээнийх байхаар төлөвлөгджээ.

Мөн мэс заслын дөрвөн вакумжсан өрөөтэйгөөс гадна сувилагч нар сорьц, шинжилгээний дээжээ барьж гүйдгийг халж, сорьц, шинжилгээний дээжүүдийг зориулалтын лифтээр зөөх юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу