БНХАУ-аас Замын-Үүдэд суугаа Ерөнхий консул Кэ Юушэн энэ сарын 23-ны өдөр Замын-Үүдэд томилогдон иржээ. Түүнийг Замын-Үүд сумын Засаг дарга Б.Анхбаяр  Замын-Үүд боомт дээр угтан авсан байна.

Кэ Юушэн Хятад улсын элэгсэг дотно, үнэнч шударга, үр өгөөжтэй, хүртээмжтэй байх гадаад харилцааны үзэл баримтлал болон хөршүүдтэйгээ найрсгаар нөхөрлөх, түншлэх зарчмын дагуу идэвхтэй ажиллаж, консулын тойргийн Хятад Монголын найрамдлын үйлсийг ахиулан, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлж, хоёр улс болон хоёр улсын ард иргэдийн сайн сайхны төлөө хичээнгүйлэн ажиллахаа илэрхийлжээ.

Кэ Юушэн Ерөнхий консул Замын-Үүд боомтын бүтээн байгуулалт болон боомтын үйл ажиллагаатай танилцаж, хоёр талын иргэд болон ачаа тээврийн хөдөлгөөнийг ахиулах талаар Монголын талтай санал солилцсон байна.

Ерөнхий консул Кэ Юушэн зургаадугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотноо Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Анхбаярт бараалхав. Ерөнхий консул Кэ Юушэн консулын патентаа Монголын талд өргөн барьжээ. Төрийн нарийн бичгийн дарга А.Анхбаяр Монголын талыг төлөөлөн Ерөнхий консул Кэ Юушэнд экзекватур олгосон байна.

Талууд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулах, Хятад, Монголын хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтаар байгуулах, консулын тойргийн аймгуудын Хятад улстай хөгжүүлэх ажил хэрэгч хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд болон Хятад иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах талаар санал солилцжээ.

Шинэхэн Ерөнхий консул зургаадугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын Дорноговь аймагт айлчилж, Засаг даргын орлогч н.Марттай уулзсан байна. Энэхүү уулзалтад тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний дарга Азбаяр нар байлцжээ.
Ерөнхий консул Кэ Юушэн хэлэхдээ, Дорноговь аймаг БНХАУ-тай нягт хамтран ажилладаг, Хятадын олон компани хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулдаг. Монголоос Хятад руу чиглэсэн хамгийн том боомт болох Замын-Үүд боомт мөн Дорноговь аймагт байрладаг.
Монгол Улсын аймгуудаас Дорноговь аймаг ерөнхий өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг болсонд БНХАУ-тай хийж буй хамтын ажиллагаа хувь нэмэр оруулсан. Ерөнхий консулын газар Дорноговь аймагтай олон салбарт хамтран ажиллаж, хоёр орны хөгжилд, ард түмэнд үр өгөөжөө өгөхийн төлөө ажиллах болно гэжээ.
Засаг даргын орлогч н.Март Ерөнхий консул Кэ Юушэнд шинэ албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, Ерөнхий консулын газар Дорноговь аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархал илэрхийлжээ.
Тэрбээр БНХАУ-тай, ялангуяа ӨМӨЗО-той харилцаа, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, орон нутгийн хөгжлийг дэмжихийг хүсэж байна гээд, Дорноговь аймаг Ерөнхий консул Кэ Юушэнг үүрэгт ажлаа гүйцэтгэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлнэ гэж хэлсэн байна. Мөн хоёр тал ногоон хөгжлийг дэмжих, зохиомол хур тунадас оруулахад туслах зэрэг асуудлаар санал солилцжээ.
Э.ЭГШИГЛЭН

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу