Хятадын “Чанъэ-6” аппарат эх дэлхийдээ буцаж ирлээ. Тэр сарны хүн төрөлхтөнд харагддаггүй, алслагдсан хэсгийн хөрсний анхны дээжийг авчирч түүх бүтээв.

Хятадын Үндэсний сансар судлалын газар (CNSA)-аас мэдээлснээр, сарны хөрсний дээж бүхий капсул Мягмар гаргийн өглөө Өвөр Монголын өөртөө засах орны нутаг дэвсгэрт амжилттай газардсан байна.

Уг аппаратыг зургаадугаар сарын 2-ны өдөр радио дамжуулагчуудыг холбодог “Цюэцяо-2” холбооны хиймэл дагуулыг ашиглан, Сарны цаад талын Өмнөд туйлын (Эйткен) Аполлон тогооны бүсэд амжилттай газардуулсан.

Аппаратын хөөрөгч модуль ёарны цаад талаас цуглуулсан дээжийг тээн, зургаадугаар сарын 4-ний өдөр ёарны гадаргуугаас хөөрсөн байна. Сарны цаад талаас хөрсний дээж авчрах даалгавар 53 хоног үргэлжилжээ.

Сар зөвхөн нэг талаараа дэлхий рүү харах байрлалд түгжигдсэн сансрын биет. Сарны алслагдсан хэсгийн гадаргууд нарны аймгийн үүсэл, гарлын талаар чухал мэдээлэл хадгалагддаг гэж үздэг.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, ХКН-ын дарга Ши Жиньпин Хятадын Коммунист намын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөлийн нэрийн өмнөөс Chang’e-6 төслийг удирдсан мэргэжилтнүүд тэргүүтэй бүх хүнд баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, “Чанъэ-6″ хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны алслагдсан хэсгээс дээж авч, эх дэлхийдээ буцаж ирсэн нь Хятад улсын сансар огторгуй, шинжлэх ухаан, технологийн салбарт хүчирхэг улс байгуулах хүчин чармайлтын бас нэгэн чухал амжилт юм” гэсэн байна.

Тэрбээр мэргэжилтнүүддээ сансар огторгуйг үргэлжлүүлэн судалж, орчлон ертөнцийн нууцыг тайлах ажлыг шинэ өндөрлөгт хүргэж, улс үндэстнээ хөгжүүлэхийн зэрэгцээ хүн төрөлхтөнд үр шимийг нь хүртээхийг уриалжээ.

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Ерөнхий сайдын орлогч Дин Шюэсян Бээжингийн сансрын удирдлагын төвөөс “Чанъэ-6” хөлөг эх дэлхийдээ буцан ирж газардах үйл явцыг ажигласан байна. Тэрбээр төслийн баг хамт олонд баяр хүргэжээ.

“Chang’e-6” хөлөг тавдугаар сарын эхээр дэлхийгээс хөөрснөөсөө хойш хэдхэн хоногийн дараа сарны өмнөд туйлын ойролцоо оршдог аварга том тогоонд, тогтсон цагтаа газардсан байна. Энэ нь Хятад улсын сар руу илгээсэн зургаа дахь, сарны цаад тал руу илгээсэн хоёр дахь хөлөг юм.

Хөлгийн нэр Хятадын домогт гардаг сарны дагинын нэр ажээ. “Chang’e-6” хөлөг сарны гадаргууг өрөмдөж, робот гараар хөрсний дээжийг цуглуулж, гэрэл зураг авч, Хятадын төрийн далбааг суулгах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн байна.

Сар 4.5 тэрбум жилийн өмнө үүссэн гэдэг. Ямар нэг сансрын биет дэлхийтэй мөргөлдсөний үр дүнд бий болсон гэх таамаг ч бий. Сарны цаад талын хөрсний бүтэц, геологийн идэвх дэлхий рүү харсан талынхаас өөр байдаг бөгөөд нууцыг нь тайлахад Хятадын хөлгийн дэлхийд авчирсан дээж тус болно гэж үзжээ.

Хятад улс 2030 онд анхны сансрын нисгэгчээ саран дээр буулгаж, цаашдаа байнгын сууринтай болохоор төлөвлөсөн бол АНУ-ын хувьд 2026 онд хоёр дахь удаагаа саран дээр буухаар ажиллаж буй юм. ОХУ өнгөрсөн онд саран дээр “Луна-25” судалгааны станцаа буулгахыг оролдсон ч бүтэлгүйтсэн билээ.

Эх сурвалж: XINHUA, BBC, CGTN
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу