Засгийн газар “Шүүр” ажиллагааны хүрээнд насны намар нь хэвийсэн, хөдөлмөрийн бүтээмж нь дууссан, төрд тус биш түгжээ болсон ахмадуудаасаа салах хэрэгтэй байна. Үеийн үед Монголын төр өртэй юм шиг асран халамжилж, аль байдаг өнгөтэй өөдтэй бүхнээ өмнө нь өргөл барьц мэт өгч ирсэн ахмад настнуудаасаа одоо салмаар юм.

НАЦАГИЙН БАГАБАНДИЙГ ШҮҮРДЬЕ

Шүүрдэж л явуулахгүй бол Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди Оюутолгойн ТУЗ-өөсөө ховхрох янз алга. Нэг сарын 25 мянган ам.долларын урамшуулал хүртээд, хэн ч түүнийг хөдөлгөж чадахгүй чимээгүй хараад сууж байгаагаас үзвэл тэр үнэхээр том банди юм. Хэдхэн хоногийн дараа тэр 73 нас хүрнэ. Түүнээс өөр залуу идэвхтэй ажиллачих, хэл устай, мэргэжлийн хүмүүс их болсон л баймаар.

“Титэм үг”-ээ тэрлэж, ач, зээгээ хараад сууж байхын оронд “Намайг чөлөөлөх эсэхийг Засгийн газраасаа асуу” хэмээн томорч чаддагийг харлаа. Н.Багабандийг Монголын ард түмэн УИХ-ын гишүүнээр хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгож, УИХ-ын даргын албыг хашуулсан. Гэсэн ч хүний шуналд хязгаар үгүй гэдгийг тэр баш нот харуулж Оюу толгойн ТУЗ-д хачиг шиг шигдсээр байгаагаас харж болох юм. Түүний хувьд ажилдаа бус сард авах 25 мянган ам.долларын урамшуулалд л сүнс нь хорогдчихоод ширэн нүүрлэж байгаа бололтой. Засгийн газар Шүүр ажиллагаагаа Н.Багабандиас эхлэх нь хамгийн зөв болоод байна. Төрийн бүхий л өндөр албанд ажиллуулсан Монголын ард түмэн түүнд ямар ч өргүй шүү.

ХООХОРЫН БАДАМСҮРЭНГ ХОВХОЛЪЁ

Хамгийн зальтай хүн гэж түүнийг хэлж болно. Аль ч фракцийн үед ажилтайгаа үлдэж чаддаг тийм хамалеон чанар түүнд бий. Шүүр ажиллагаагаар ховхруулах дараагийн хүнээр Хоохорын Бадамсүрэнг нэрлэмээр байна. МонголРосцветмет нэгдлийн захирал, Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн төслийн нэгжийн захирал, Дэд сайд, УИХ-ын гишүүн, Эрдэнэт үйлдвэрийн захирал гээд Монголын төрд түүнийг бүх насаар нь даргаар ажиллууллаа. Харамгүй хишиг хүртсэн хүмүүс гэж байдаг бол экс Төрийн тэргүүн Багаагийн араас Х.Бадамсүрэн зайлшгүй нэрлэгдэх учиртай.

Ковидын үед Эрдэнэт үйлдвэрийн мөнгийг баруун солгойгүй цацсан Х.Бадамсүрэн хуулийн байгууллагад шалгагдах учиртай байтал Эрдэнэс монгол ХХК-ийн Зэс, металлургийн группын захирал болоод дэвшихсэн. Тэрбээр 68 нас хүрсэн ч Монголын төрд чөмгөө дундартал зүтгэх юм гэнэ. Хариуцсан ажил нь урагшлахгүй байхад албан тушаал дэвшүүлэх төрийн ажилд чөдөр болж яваа энэ мэт Бадамсүрэнтэнгүүд хэзээ төрөөс холдож үүлэн чөлөөний нар үзэх юм бол. Монголын төр Х.Бадамсүрэнд дааж давшгүй өртэй байж магадгүй гэдэг нь түүнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол өгснөөс түвэггүй уншигдана. Ямар ч гавьяаг түүнд нааж “баатар” болтол нь хөхиүлэн дэмждэг юм бүү мэд. Тэтгэврийн өвөө өнөөдөр Зэс, металлургийн группын захирал нэрээр сард 15.5 сая төгрөгийн цалин “цохиж” байна. Тэр явах янз алга. 

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Н.Багабанди, Х.Бадамсүрэн тэргүүтэй хүмүүсийн өрийг Монголын төр хэзээ төлж дуусах вэ. Засгийн газар www.shuur.gov.mn сайтаар Төрийн байгууллага, Төрийн өмчит компани дахь хууль бус томилгоо, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, хэм хэмжээг зөрчсөн этгээдийг албан тушаалд томилсон зэрэг найман заалтыг зөрчсөн албан тушаалтан байвал мэдээлэл, гомдол гаргаж болно гэжээ. Тиймээс “Шүүр” ажиллагааны хүрээнд иргэдийн идэвх нэмэгдэж тус сайтад хандан хууль бус томилгоонуудын талаар мэдээлэл өгч эхэлсэн байна.

Н.Багабанди, Х.Бадамсүрэн нар ч “Шүүр” ажиллагаанд өртөх ёстой хүмүүс болж таарч байгаа юм.  Тэд аль аль нь Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйл. Өндөр насны тэтгэвэр авах эрх 1.Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болногэсэн заалтыг зөрчин хууль бус томилгоогоор ажил эрхэлсээр байна. Ажиллах ч гэждээ, суудлын бөглөөс хийж байгааг бүгд харсаар байгаа билээ. Аль аль нь тэтгэврийн нас болж тэтгэвэр тогтоолгосон ч төрөөс давхар цалин авч Төрийн хэмнэлтийн хуулийг уландаа гишгэж ажилласаар байгаа ёс зүйгүй, хууль бус үйлдлийг нь таслан зогсоох хэрэгтэй байна.

Мөн Төрийн албаны тухай хууль “41.2.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийн төрийн алба хаах насны дээд хязгаар нь 65 нас байнагэдэг заалтыг ноцтой зөрчсөн нь харагдана.

Н.Багабанди, Х.Бадамсүрэн нарыг чөлөөлөхгүй гэвэл тэдний насны тэтгэвэртээ гарсан хүмүүсийг буцаагаад төрийн албанд ажиллуулах хэрэгтэй. Яг тэдэн шиг төрд ажиллах хүсэлтэй хэдэн мянган хүн байхыг үгүйсгэхгүй. Хууль хэн нэгэнд алагчлалгүй тэгш үйлчилж чадахгүй бол адилхан ахмадуудаа төрийн албанд ажиллуул. Эрх мэдэлтэй энэ хүмүүс л ажиллах ёстой гэж байгаа бол хуульд заасан тэтгэврийн насны заалтаа авч хаях цаг нэгэнт болжээ.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу