Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барьж байгуулах төсөл”-д зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын компаниудын хамтарсан түншлэлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

БНСУ-ын “Дова инженеринг” компани тэргүүлж буй түншлэлд тус улсын “Солонгосын үндэсний төмөр зам”, “Солонгосын төмөр зам корпораци”, “Сүүсон инженеринг” компаниуд багтаж буй юм.

Уулзалтын эхэнд “Дова инженеринг” компанийн тээврийн ерөнхийлөгч Чон Сү Дун хоёр тал Улаанбаатар хотын метро төслийн гэрээг амжилттай байгуулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй хамтран ажиллах гэрээг төлөвлөгөөт хугацаанд байгуулж чадсан тохиолдолд инженерүүдээс бүрдсэн төслийн багийг боломжит хугацаанд авчран ажил эхлүүлэхэд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Энэ үеэр БНСУ-ын түншлэлээс “Метро” төслийг 75 сарын хугацаанд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөө танилцуулжээ. Цаашид дэлхийн хэмжээнд метроны төслүүд амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа үндэслэн, Улаанбаатар хотын метроны I шугамыг төлөвлөгөөнд тусгаснаас богино хугацаанд бага зардлаар барьж байгуулах боломжтойг онцлон дурдсан байна.

Мөн Монголын их, дээд сургуулиудад Метроны системийн тэнхим нээж, 2+2 хөтөлбөрөөр 4 жил суралцуулан, 1 жил дадлагажуулах хөтөлбөр танилцуулжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ирээдүйд Монголын метроны системийг авч явах хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Үүнд шаардлагатай санхүүжилтийн тодорхой хэсгийг нийслэлийн 2025 оны төсвөөс гаргах боломжтой. Энэ ажлыг дотоодын их, дээд сургуулиудтай хамтран зохион байгуулахаа хэлжээ.

Уулзалтын төгсгөлд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дэлхийн хэмжээний төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай түншлэлтэй хамтран ажиллах гэрээний хэлэлцээ эхлүүлж буйдаа талархал илэрхийлсэн байна.

“Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро барих төсөл”-ийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчтэй гэрээ байгуулах хэлэлцээ эхэлж байгаа бөгөөд Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Цолмон ахлан ажиллаж буй юм.

Төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компани Улаанбаатар хотод метро барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэхээс гадна урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах ажээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу