Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО) үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж буй Нидерландын Ерөнхий сайд Марк Рюттег тус эвслийн ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон талаар “Франс Пресс” агентлаг мэдээлэв.

Тус агентлаг мэдээлэлдээ “НАТО Нидерландын Ерөнхий сайдаас бууж буй Рюттег дараагийн удирдагчаараа томиллоо” гэж дурдсан байна.

Нидерландын Ерөнхий сайдын албан тушаалаа өгч буй Марк Рютте өмнө нь гурван сар амарсны дараа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2014 оноос хойш хашиж буй Йенс Столтенберг 2022 оны аравдугаар сарын 1-нд ажлаа өгөх ёстой байсан ч 2022 оны гуравдугаар сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэр эвслийн орнуудын удирдагчид түүний бүрэн эрхийг есдүгээр сарын 30 хүртэл сунгах шийдвэр гаргасан.

Улмаар 2023 онд дахин нэг жилээр сунгасан бөгөөд 2024 оны аравдугаар сарын 1-нд түүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж буй юм.

Марк Рютте хэдхэн хоногийн өмнө “NOS” телевизэд ярилцлага өгөхдөө “Украины нөхцөл байдал, дэлхийн тогтворгүй байдал, энэ ажлыг хийж чадна гэж итгэл хүлээлгэж олон хүний санал бодлыг үгүйсгэж болохгүй. Энэ үнэхээр сонирхолтой ажил” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: AFP, RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу