Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын парламентын төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранг өнөөдөр (2024.06.26) хүлээн авч уулзан, мэдээлэл солилцсон байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглахаар ирсэн ажиглагчдад Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд, “Та бүхний дүгнэлт, зөвлөмж чөлөөт, шударга сонгуулийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой байдаг” гэж онцолжээ.

Уулзалтад Европын парламентын гишүүд, Тамгын газар, Улс төрийн бүлгийн төлөөллүүд оролцож, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнарангаас сонгуулийн хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар мэдээлэл авсан байна.

Тодруулбал, ажиглагчдын төлөөлөл сонгуулийн хууль, тогтоомжийн хэрэгжилт, сурталчилгааны санхүүжилт, хандив, нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа, цахим орчинд тавих хяналт, гадаад улсад байгаа иргэдийн сонгуулийн оролцооны талаар мэдээлэл авчээ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангах, хяналтын тооллого хийх, санал хураалтын дүн танилцуулах талаар мэдээлэл солилцсон байна.

Европын парламентын төлөөлөгчид сонгуулийн зохион байгуулалт нээлттэй, технологийн боломжийг ашиглаж, шууд дамжуулан олон нийтэд хүргэж байгааг ажигласнаа онцлоод, сонгуулийн дараа зөвлөмжөө хүргүүлэхээ илэрхийлжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу