Монгол, БНХАУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн онд 16.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, БНХАУ-ын Худалдааны яамны харъяа, Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шао Гантай энэ сарын 17-ны өдөр уулзжээ.

Энэ үеэр талууд хоёр орны өнгөрсөн жилийн худалдааны эргэлт 16,5 тэрбум ам.доллар хүрч, 36 хувийн өсөлттэй байсан нь манай хоёр орны эдийн засаг, хамтын ажиллагааны хөгжил улам хөгжиж байгааг илтгэж буйг дурдаад, цаашлан дараах асуудлууд дээр ажил хэргийн байдлаар хамтран ажиллахаар ярилцсан байна. Үүнд:

1. Хоёр байгууллагын хамтын ажиллагааны цар хүрээг тэлж, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн ногоон бүтээгдэхүүн зэрэг салбаруудын худалдаа, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллах, бодит төслүүдийг хэлэлцэн хэрэгжүүлэх.

2. 2024 оны 11-р сард Бээжин хотод зохион байгуулах “Ханган нийлүүлэлтийн сүлжээ” олон улсын экспод Монголын бизнес эрхлэгч нарыг өргөн бүрэлдэхүүнээр оролцуулах.

3. Монгол Хятад хоёр улсын бизнес эрхлэгч нарын эрх ашгийг хамгаалах, тогтвортой бодлогыг баримталж ажиллах. Тухайлбал, хуш модны самрын экпсортод хөрөнгө оруулалт хийсэн Хятадын компаниудын 4000 тонн самрын экспортыг Монголын төр гэнэтийн шийдвэрээр өртөг нэмэгдүүлэн гацаасан асуудлыг үр дүнтэй шийдвэрлэхэд МҮХАҮТ дэмжлэг үзүүлэн ажиллах

4. Бугат хотод энэ оны 8-р сарын 15-17 хооронд зохион байгуулах Орос-Хятад-Монгол гурван улсын ХАҮТ-уудын уулзалт форумд идэвхтэй, өргөн бүрэлдэхүүнээр оролцох. Форум нь а) Хөдөө аж ахуй, б) Шинэ эрчим хүч, в) Аялал жуулчлал, г) Хууль эрх зүйн орчин гэсэн сэдвийн хүрээнд болно.

5. Харилцан бизнес хийж буй, хийхийг зорьж буй Монгол Хятадын компаниудад хууль зүйн практик зөвлөгөө чанартай үйлчилгээ үзүүлэх тусгай нэгж байгуулан хоёр байгууллага хамтран ажиллах. Өнгөрсөн жилүүдэд үүсэж хуримтлагдан шийдвэрлэгдээгүй байгаа бизнесийн маргаан, шүүхийн асуудал дээр хууль зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллах.

6. Тяньжин боомтоос чингэлэг тээврийн цуваа долоо хоногт хоёр байсныг 2024 оны 4 дүгээр сарын 14 ны өдрөөс эхлэн 0,5 болгосны улмаас үүссэн бөөгнөрлийг шуурхай арилгах тал дээр хамтран ажиллах.

7. МҮХАҮТанхимаас санаачилсан Бизнесийн сэргэлт 10000 залуусын сургалтын хөтөлбөрт хамрагдсан залуусыг олон улсын бизнесийн богино сургалтад хамруулах дээр хамтран ажиллах багтжээ.

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу