Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт болохтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Манай байгууллага сонгуулийн өмнөх, санал авах өдөр, сонгуулийн дараах гэсэн гурван цаг хугацааны ажлуудыг гүйцэтгэдэг онцлогтой. Дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон. 2020 оны УИХ-ын сонгуультай харьцуулахад энэ жил иргэдийн шилжилт хөдөлгөөн 3.2 дахин багассан байна.

Мөн зургаадугаар сард сонгогч шилжилт хөдөлгөөн хийдэг. Үүнд найман субъеъкт хамаардаг. Итгэмжлэгдсэн ажилтан, даамал, мэдээлэл технологийн ажилтан, цагдаагийн албан хаагч нар болон нэр дэвшигч, түүний шадар туслах, менежер сонгох шилжилтээр шилждэг. Энэ удаагийн сонгуулиар 19 мянган иргэн энэ шилжилтээр хаягаасаа шилжсэн байна.

ИТХ-аар хэсгүүдийг байгуулсан. Нийт 2198 хэсэгт 2,224.233 сонгогч бүртгэгдсэн. Нам, эвслийн нэрийн жагсаалт бүхий мэдээллийн санг нам, эвслүүд, төрийн бус байгууллагын оролцоотой битүүмжилсэн.

Хэсгийн хороодод хэрэглэж байгаа цаасан болон цахим нэрийн жагсаалт бий. Үүнийг сонгуулийн дараа өдөр хооронд нь тулгаж харах ажиллагааг энэ сарын 25-ны өдөр туршсан. Ингэснээр хөндлөнгийн өөрчлөлт ордог юм уу, нэр нь давхардаж байна уу, ямар нэгэн байдлаар хасагддаг уу гэдгийг тулгах боломжтой.

Мөн хэсгийн хороонд нам, эвслүүдийг байлцуулан сонгогч давтан санал өгч байна уу гэдгийг энэ жил анх удаа туршиж үзлээ. Өөрөөр хэлбэл, сонгогч хурууны хээгээ дарж саналаа өгсөн байна уу гэдгийг туршсан. Нэг иргэн дахин санал өгөхөд анхааруулах мэдэгдэл ирж байсан” гэв.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу