БНСУ-ын эрх баригчид өнгөрсөн зургадугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө БНАСАУ-аас хог хаягдал уясан 180 гаруй бөмбөлөг нисгэснийг тогтоосон талаар “Yonhap” агентлаг мэдээлжээ.

Энэ удаа дээрх 180 бөмбөлгийн 70 нь нийслэл Сөүл болон Кёнги мужийн хойд бүс нутагт “газардсан” байна. Орон нутгийн цагаар 09:00 цаг гэхэд агаарт нэг ч бөмбөлөг үлдээгүй аж. Мэргэжилтнүүд хойдоос ирсэн хог хаягдлаас хортой бодис илрээгүй талаар мэдээлсэн байна.

Хойд Солонгос гурван өдөр дараалан Өмнөд Солонгос руу хогтой уут уясан бөмбөлөг хөөргөсөн аж. Өмнө нь зургаадугаар сарын 24-нд 350 орчим бөмбөлөг, 25-нд 250 бөмбөлөг тус тус нисгэсэн байна. БНАСАУ өнгөрсөн тавдугаар сарын 28-наас хойш Өмнөд рүү долоон удаа нийт 2000 хог хаягдал уясан бөмбөлөг хөөргөжээ.

Үүний хариуд БНСУ-ын идэвхтнүүд зургадугаар сарын 20-нд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уныг буруушаасан олон зуун мянган ухуулах хуудас, К-поп, К-драма бүхий 5000 USB агуулсан бөмбөлгийг БНАСАУ руу илгээсэн байна.

Хойд Солонгосын эрх баригчид гаднын мэдээлэл орж ирэх нь тус улсын дэглэмд заналхийлж байж болзошгүй хэмээн болгоомжилж, суртал ухуулгын кампанит ажлыг эрс эсэргүүцэж байгаа аж. БНАСАУ-ын удирдагч Кимийн дүү Ё Жон “Бүгд найрамдах ард улс хэлсэндээ хүрч, хариу арга хэмжээ авах бодолтой байна” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: YONHAP, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу