УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцжээ. 

Засгийн газраас 2023, 2024 оныг аялал жуулчлалын жил болгон зарласантай холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы эхэнд уг хуулийн төслийг хэлэлцэж, батлахаар төлөвлөсөн байна. 

Улмаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсэг гарч ажиллаж байгаа бөгөөд уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж буй юм.

Тэрбээр “Аялал жуулчлалын салбарыг либералчлах, олон жуулчин авч ирэх чиглэлээр эрх зүйн шинэчлэлүүдийг хийхээр ажиллаж байна. Хуульд Засгийн газрын зүгээс болон хувийн хэвшлийн зүгээс хийж, хэрэгжүүлэх ажлыг зааглаж, тодорхой болгож байгаа. 

Нэн түрүүнд ерөнхий төлөвлөгөө гаргадаг болно. Хичнээн тооны жуулчин татахыг тодорхой болгож, түүнтэйгээ уялдуулан нисэх онгоцны буудлуудыг хөгжүүлэх, зам зуурын амрах цэгүүдийг бий болгох, аялал жуулчлалын бүсүүдийг тодорхой болгох талаар ерөнхий төлөвлөөг өөрчилж байна. 

Мөн татвартай холбоотой гурван өөрчлөлт хийхээр ярьж байна. Тодруулбал, нэгдүгээрт гадаадын жуулчид худалдан авалт хийсэн газраасаа НӨАТ-ын буцаан олголтыг авах боломжийг хуулиар бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, дотоодын нислэгийн НӨАТ-ыг тэглэх асуудлыг хуульд тусгаж оруулж ирж байна. Гуравдугаарт, дотоодын нислэгт зарцуулагдаж буй түлш, сэлбэгийг НӨАТ-аас чөлөөлөх асуудлыг зохицуулснаар дотоодын нислэгийн зардал буурах боломжтой гэж харж байна. Мөн жуулчдын аюулгүй байдлыг хуулиар хамгаална” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу