Боливид төрийн эргэлт хийх оролдлогыг удирдсан тус улсын зэвсэгт хүчний генерал Хуан Хосе Зунигаг баривчилж, ерөнхийлөгчийн ордон руу дайрсан бусад хүнийг шалгаж эхэлсэн байна. Энэ талаар Боливийн телевизээр мэдээлжээ.

Генерал Хуан Хосе Зунига ерөнхийлөгчийн ордны гадаа цэргүүд болон найман танкаар хүрээлүүлэн зогсож байгаад “Цэргийнхний зорилго бол ардчиллыг сэргээх явдал” хэмээгээд, “Улс төрийн хоригдлуудыг шоронгоос суллана” гэж амлажээ.

Тэрбээр “Зэвсэгт хүчин ардчиллыг дахин сэргээхийн төлөө, 30-40 жилийн турш хэдхэн хүний удирдаж байгаа ардчилал бус, харин жинхэнэ ардчилал бий болгохын төлөө зүтгэж байна” гэж хэлсэн байна.

Цэргүүд өнгөрсөн Лхагва гаргийн орой засгийн газрын гол барилгууд байрладаг Ла-Паз хотын Мурильо талбай руу орох хэсгийг хааж, дараа нь танкаар ордны хаалгыг эвдэхийг оролджээ. Тэд талбайд хуягт техниктэй цэргүүд оруулсан байна.

Боливи улсын Ерөнхийлөгч Луис Арсе

Боливийн Ерөнхийлөгч Луис Арсе генерал Зунигаг албан тушаалаас нь огцруулж, зэвсэгт хүчний шинэ ерөнхий командлагчийг томилсноо мэдэгджээ. Шинэ командлагч Хосе Вилсон Санчес тангараг өргөж, цэргүүдэд ухарч, анги руугаа буцахыг тушаасан байна.

AFP-ийн мэдээлснээр, өнгөрсөн Мягмар гаригт Зунигаг огцруулах тухай яриа тарж эхэлжээ. Тэрбээр Даваа гарагт телевизээр “Хэрэв Ерөнхийлөгч асан Эво Моралес 2025 онд дахин сонгуульд нэр дэвшвэл түүнийг баривчилна” гэж мэдэгджээ.

Луис Арсе Ардын Их ордон руу цэргийнхэн дайран орохыг оролдсоны дараа иргэддээ хандан төрийн эргэлт хийх оролдлогыг эсэргүүцэхийг уриалсан байна.

Тэрбээр телевизээр ярилцлага өгөхдөө “Боливийн ард түмэн ардчиллаа хамгаалахын тулд төрийн эргэлт хийхийн эсрэг зохион байгуулалттай байх шаардлагатай байна. Төрийн эргэлт хийх оролдлогын улмаас боливичуудын амь нас дахин үрэгдэхийг бид хэрхэвч зөвшөөрч болохгүй” гэж мэдэгджээ.

Боливи улс сүүлийн жилүүдэд улс төрийн тогтворгүй байдлын хэд хэдэн үеийг туулж буй. Чили, Эквадор, Перу, Мексик, Колумб, Венесуэл, Бразилын удирдагчид Боливид төрийн эргэлт хийх оролдлого гарсныг буруушаажээ.

Эх сурвалж: AFP, BOLIVIATV, RIA NOVOSTI, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу