Нью-Йоркийн шүүх өнгөрсөн Лхагва гарагт Гондурасын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандест холбогдох хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ. Шүүхээс түүнд 10 гаруй жилийн турш 400 гаруй тонн кокаиныг АНУ-д нэвтрүүлэхийн тулд хахууль өгсөн хар тамхины наймаачидтай хамтран ажилласан хэргээр 45 жилийн хорих ял оноосон байна.

Шүүгч П.Кэвин Кастел “Энэ шийтгэл эрх мэдэл бүхий, шударга ёсноос ангид байж болдог гэж эндүүрдэг, “сайн боловсролтой, сайхан хувцасласан” хүмүүст цочроо өгнө гэж бодож байна” хэмээн хэлжээ.

АНУ-ын Хууль зүйн яамнаас “Нью-Йоркийн шүүх Гондурасын Ерөнхийлөгч асан Хуан Орландо Эрнандесийг хар тамхи хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт гэм буруутайд тоооцож, 45 жилийн хорих ял оноолоо” гэж мэдээлсэн байна. Шүүхээс түүнд мөн 8 сая ам.долларын торгууль оногдуулжээ.

Тус яамны мэдэгдэлд “Гондурасын Ерөнхийлөгч асан, 55 настай Орландо Эрнандесийг кокаин хилээр оруулж ирсэн гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэлээр 540 сарын хорих ял оноосон. Үүний 60 сарыг тусгай хяналт дор гэрийн хорионд эдлүүлнэ” хэмээн дурдсан байна.

АНУ-ын хуульч Дэмиан Уильямсын хэлснээр, Эрнандес АНУ-д 400 тонн кокаин импортлоход тусалсан бөгөөд энэ нь ойролцоогоор 4.5 тэрбум тунтай тэнцэх аж.

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард Эрнандесийг Тегусигальпа хотод саатуулсан бөгөөд гуравдугаар сарын дундуур шүүх түүнийг АНУ-д шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн байна.

Гондурасын төрийн тэргүүнээр 2014-2022 онд ажиллаж байсан Хуан Орландо Эрнандесийг албан тушаалаа урвуулан, цэргийн хүчийг хууль бус хар тамхины наймаанд ашигласан болон олон тонн кокайн АНУ руу усан замаар тээвэрлэхэд үндэсний цагдаагийн хүчийг ашигласан гэсэн гурван зүйл ангиар буруутгажээ.

Эрнандест холбогдох хэргийн шүүх хурал АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүргийн шүүх танхимд болжээ. Шүүгч нар хоёр долоо хоногийн турш хуралдсаны эцэст шийдвэрээ гаргасан байна.

Манхэттэний холбооны шүүхийн прокурорууд түүнд бүх насаар нь хорих ял, мөн 30 жилийн хорих ял нэмж оноох яллах дүгнэлт үйлдсэн байжээ. Эрнандес АНУ-ын прокуроруудын үйлдсэн яллах дүгнэлтийг эсэргүүцэж, гэм буруугүйгээ мэдэгдсээр байсан аж.

Эх сурвалж: AP, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу