Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 01 дүгээр хуралдаан өчигдөр (2024.06.26) болж, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Монголын төмөр зам” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн тарифын өөрчлөлтийн судалгаа болон “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тарифын судалгаа зэрэг зургаан асуудлыг хэлэлцсэн байна.

Тус хуралдаанаар:

-чандарлан оршоох үйлчилгээний зах зээлд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 04 дүгээр тогтоолоор тус зах зээлд “Улаанбаатар буян” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд зүй ёсны монопол байдалтай аж ахуй эрхлэгчээр;

-Газарт оршоох үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 05 дугаар тогтоолоор тус зах зээлд “Нью семетри” ХХК-ийг Улаанбаатар хотын хэмжээнд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр хэвээр байгаа болохыг тогтоож;

-Онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажлыг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 07 дугаар тогтоолоор “Эрчис Ойл” ХХК-ийг Монгол Улсын хэмжээнд онгоцны түлшний зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тус тус тогтоосон шийдвэр гаргажээ.

-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зарим бүлгийн ачаа тээвэрлэлтийн үнэ тарифт индексжүүлэн нэмэгдүүлэх хүсэлтийг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 01 дүгээр тогтоолоор зарим бүлгийн ачаа тээвэрлэлтийн үнэ тарифт индексжүүлэн нэмэгдүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзан;

“Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 02 дугаар тогтоолоор дагнасан хэрэглээний төмөр замыг ашиглуулах үнэ, тарифыг баталжээ.

-“Монголын төмөр зам” ХХК-ийн ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэн, ШӨХТГ-ын 2024 оны 03 дугаар тогтоолоор ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифыг батлан энэ өдрийн хуралдаанаар тогтоол гаргаж шийдвэрлэсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу