УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.06.28) 07.00 цагт орон даяар албан ёсоор эхэллээ. 

Энэ удаагийн ээлжит сонгуульд 2 сая 224 мянган сонгогч УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгож, УИХ түүхэнд анх удаа 126 гишүүнтэй болно.

Энэ удаагийн сонгуульд 1341 нэр дэвшигч Сонгуулийн Ерөнхий хороонд бүртгүүлж, зургаадугаар сарын 10-наас 26-ны өдрийг дуусталх хугацаанд сурталчилгаагаа хийсэн. Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсоосон билээ.

Улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан юм.

Сонгуулийн тогтолцооноос хамаарч саналын хуудас нь хоёр хэсэгтэй байх ба тойрогт нэр дэвшигчид болон нам эвсэлд саналаа өгнө. Гадаад суугаа монгол иргэдийн хувьд зөвхөн нам эвслийн төлөө саналаа өгсөн билээ.

УИХ-аас тогтоосноор, 2024 оны ээлжит сонгуульд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэнэ. Монгол Улс 2012 оны ээлжит сонгуулиас хойш сонгогчийн санал авах, тоолох болон сонгогчийн бүртгэлийн үйл ажиллагаанд уг автоматжуулсан систем нэвтрүүлсэн санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулах зорилгоор бүх хэсэгт хяналтын тооллогыг гар аргаар явуулна.

Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлснээр, өнгөрсөн хугацаанд санал тоолох төхөөрөмжийн дүн, хяналтын тооллогын дүнтэй зөрсөн тохиолдол гараагүй. Хяналтын тооллогыг нээлттэй зохион байгуулах ба үйл явцыг хяналтын камерт тасралтгүй буулгаж баталгаажуулна.

УИХ-ын сонгуулийн үйл ажиллагаа Монгол Улсад төдийгүй олон улсад бүрэн нээлттэй явагддаг. Сонгуулийн зохион байгуулалт, үйл явцыг дотоод гадаадын ажиглагчид ажиглахын зэрэгцээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан цаг тухайд нь мэдээлдэг.

УИХ-ын сонгуулийг олон улсын 12 хэвлэлийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжилж байна. Тодруулбал, энэ удаагийн сонгуулийн явцыг Киодо ньюс, CCTV, Блүүмберг, Синьхау агентлаг, Буриад ТВ зэрэг олон улсын 12 хэвлэл мэдээллийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлагчид Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авсан бөгөөд сонгуулийн үйл явцыг сурвалжилж, олон улсад мэдээлэл түгээж эхлээд байна.

Мөн УИХ-ын сонгуулийн үеэр гадаадын 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч ажиллаж байгаа ажээ.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22:00 цагт өндөрлөнө.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу