Сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж, 76 депутатын орон тоог 126 болгон нэмэгдүүлсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсын иргэд анх удаа мажоритар (78), пропорциональ (48) системээр УИХ-ын гишүүдээ сонгоно.

Монгол Улсын энэ удаагийн сонгууль хамгийн олон өрсөлдөгчтэй. Тодруулбал, 19 нам, 2 эвсэл оролцож буй бөгөөд нийт нэр дэвшигчийн тоо хоёр дахин нэмэгдэж, бараг 1.4 мянгад хүрснээрээ онцлогтой.

Үүний зэрэгцээ сонгуулийн сурталчилгааны хугацааг 17 хоног болгон бууруулсан. Бүх нэр дэвшигч өргөтгөсөн тойргоор явж, сонгогчидтой уулзах боломж хомс байсан тул олонх нь нийгмийн сүлжээгээр сурталчилгаагаа явуулахад анхаарлаа хандуулав.

Тэд сурталчилгаагаа мөн хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй голдуу явуулсан. Монголд үг хэлэх эрх чөлөөнд төр нөлөөлөхийг хориглодог. 2022 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн телевиз, радиогийн компани олон нийтэд нээлттэй болсон.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд намуудын удирдлагууд хоорондоо олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлээгүй бөгөөд сурталчилгаа зургадугаар сарын 26-ны шөнө дунд дууссан.

Санал авах байрууд өнөөдөр 07:00 (Москвагийн цагаар 02:00) цагт нээгдсэн бөгөөд 22:00 (Москвагийн цагаар 17:00) цагт хаагдана.

Энэ удаагийн сонгуулийн бас нэг онцлог нь бүх саналын хуудсыг саналын машинд уншуулсны дараа гараар тоолох явдал юм.

Эрх барьж буй нам, сөрөг хүчнийхний хагарал

Монгол Улс парламентын засаглалтай. Сонгуульд ялсан нам Засгийн газраа байгуулж, Ерөнхий сайдаа томилдог. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд оруулсан хамгийн сүүлийн өөрчлөлт (2022 оны зун батлагдсан)-өөр бүх сайд парламентын гишүүнээр ажиллах боломжтой болсон.

Монгол Ардын Нам 2016 оноос хойш төрийн эрх барьж буй. Сөрөг хүчин болох Ардчилсан нам дотоод хагаралтай, олны анхаарлыг татсан дуулиан дэгдсээр байна. Өнөөдрийг хүртэл тус намын хамгийн “алдартай” төлөөлөгч нь Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж (2009-2017), Халтмаагийн Баттулга (2017-2021) нар юм.

Одоогийн Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Ц.Элбэгдоржийг авлига авсан, тэр дундаа Уулын баяжуулах, хуучнаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ эзэмшиж байсан нууц хувьчлалын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа буруутгаж байв.

Намуудын амлалт

Ихэнх намуудын мөрийн хөтөлбөрт авлига, бэлчээрийн цөлжилт, дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой таван хотын нэг болох Улаанбаатар руу нүүж ирсэн орон нутгийн иргэдийн асуудлуудыг шийдвэрлэх зэрэг амлалтууд багтжээ.

Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 2.5 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг. 2024 онд түгжрэлээс болж алдагдсан эдийн засгийн боломж ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээнд хүрнэ.

Сонгуулийн кампанит ажил дуусах үед Монгол Улс дахин үерийн аюулд өртөж, энэ үеэр 2023 онд барьсан хэд хэдэн хурдны зам, гүүр үерт автсан, тэр дундаа нийслэл хотод ч үерийн аюул нүүрлэв.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу