Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа өглөөний 07.00 цагт эхэллээ. Санал хураалт өнөө орой 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгууль нь холимог тогтолцоогоор явагдаж буй бөгөөд 126 гишүүнийг сонгох юм.
Санал авах байрны хаалга нээгдсэн мөчөөс эхлэн иргэдийн цуваа тасрахгүй байна. Үндэсний хувцсаараа гоёсон ахмадууд олонхыг бүрдүүлж байлаа. Харин залуус цөөн хэдий ч тасралтгүй ирсээр байсан юм.
Монгол Улсад 15-35 насны залуучууд нийт хүн амын 1,016,859 буюу 29.8 хувийг эзэлж байна. Үүнээс 504,155 нь эмэгтэй, 512,704 нь эмэгтэй аж.  

May be an image of 2 people, people studying and hospital

Тэдний сонгуульд оролцсон байдлыг харвал,
УИХ-ын 2012 оны сонгуульд 18- 35 насны залуучууд 40 хувийн ирцтэй буюу 60 хувь нь саналаа өгөөгүй. Харин 2016 оны сонгуульд 18-25 насны залуу сонгогчдын ирц 50.8 хувь, 2020 оны сонгуульд 62 хувийн ирцтэй оролцсон юм. Мөн Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиас харахад, 20-24 насныхны ирц хамгийн бага буюу залуучууд бусад насныхнаас 8.3 хувиар доогуур ирцтэй байжээ.
Энэ жилийн хувьд 18-35 насны сонгогчид 890 мянга гаруй байгаа бол 35-аас дээш насны нэг сая 300 мянга гаруй иргэн санал өгөх эрхтэй сонгогчдыг бүрдүүлж байна. 
УИХ-ын сонгууль-2020: Өнөөдрийн шилдэг зургууд
(2024.06.28) 10 цагийн байдлаар залуучуудын ирц 8-12 хувьтай бол 50-70+ насныхан 28-34 хувийн ирцтэй байна.
Хуруугаа уншуулж, хуудсаа бөглөөд, байдлыг өөрчлөх боломж байхад нэг л хөшүүн хойрго байсаар ирсэн нь хачирхалтай. Эсвэл идэвхтэй залуус нь саналаа өгсөн ч олонхын саналд даруулчихдаг болохоор урам хугардаг байж болох. Тэгвэл ахмадуудынхаа саналд даруулахгүйн тулд улам олуулаа саналаа өгөх хэрэгтэй болж байна.
Өнгөрсөн сонгуулиудыг бодоход энэ удаагийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаа харьцангуй мэдээлэл сайтай, цахимжсан гэж хэлж болно. Улс, төрийн нам эвслүүд мөрийн хөтөлбөр болон сурталчилгаагаа цахим хуудсаар илүү түгээсэн нь тэдгээртэй танилцахад дөхөм болсон биз ээ. Одоо харин сонголтоо л хийх үлдлээ. 
Өмнөх сонголт өнөөдрийн бүх зүйлийг шийдсэн. Одоогийн сонголт харин цаашдын бүх асуудлыг шийдэх учиртай. Залуучууд өөрсдийн хүсэж байгаа ирээдүйгээ бүтээхийн тулд, ажиллаж амьдрах таатай нийгмийг цогцлоохын тулд өөрсдийн төлөөллөө сонгох ёстой. Оройн 22:00 цаг хүртэл хүн бүрд ирээдүйгээ өөрчлөх, нийгмээ шинэчлэх боломж байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу