УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2024.06.28/ орон даяар үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянзүрх дүүргийн 48-р сургууль дахь санал авах байранд гэргийн хамт саналаа өгөөд, иргэдэд хандан үг хэллээ.

Тэрбээр “Ард иргэддээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. 

1992 оноос хойш УИХ-ын сонгууль явагдсан. Иргэд маань ес дэх удаагийн сонгуулийн саналаа өгч байна. Энэ удаагийн сонгуультай анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 100 жилийн ой ч давхцаж буйгаараа сайхан онцлогтой. 100 жилийн өмнө Монгол Улс хаант ёс, хамжлагат ёсыг халж, Бүгд найрамдах засаглалыг тогтоож, Үндэсний ардчилсан үзэл санааг дэлгэрүүлж, сонгох сонгогдох эрхийг нь олгож байсан түүхтэй. 

Энэ удаагийн УИХ-ын сонгууль 126 гишүүн сонгох онцлогтой. Холимог тогтолцоог хэрэгжүүлж буй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу бүс бүсэд нэр дэвших боломж бүрдүүлсэн нь манай улсын хөгжилд их ач холбогдолтой.

Мөн хамгийн олон бие даагч нэр дэвшиж, хамгийн олон нам эвсэл оролцож буй онцлогтой. Нийт 1341 хүн нэр дэвшсэн байна. Эдгээрээс хамгийн залуу нь 25 настай, хамгийн ахмад нь 79 настай байна. Нийт нэр дэвшигчдийн 40 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь их сайхан үзүүлэлт. 

УИХ-аа эмхлэн байгуулах, төр улсаа төвтгөн засах их үйл хэрэгт иргэн бүр оролцож, саналаа өгөх ёстой. Төр улсыг төвхнөн байгуулахад хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. 

Төрийн эрх мэдэл ард түмний гарт. Иймээс ард түмэн сонгох эрхээ эдлэхийг уриалъя.

Төр түвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу