Авлигатай тэмцэх “Таван Ш” ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд хийж буй ажлын талаар Цахим Хөгжил, Харилцаа Холбооны сайд Н.Учрал өнөөдөр (2023.04.03) мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрлийг шилэн болгосон.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар байдгаас 17-д нь газар олгосон байна.

Үүнээс эхний ээлжид Богдхан уулын дархан цаазат газар, Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нийт 3,474 га газрын мэдээллийг shilen.gov.mn сайтад байршуулсан.  Газар эзэмшигчээр нь авч үзвэл 1071 иргэнд  299 га, 887 байгууллагад 3175 га газар олгосон мэдээллийг нээлттэй болгосон гэсэн үг.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар эдгээр тусгай хамгаалалттай газар эзэмшиж байгаа иргэдийн мэдээлэл ил тод болж байгаа юм. Ингэснээр газрын зөвшөөрөл авч, эзэмшиж байгаа иргэд газрын төлбөрөө төлж байгаа эсэх, зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэх зэрэг мэдээлэлд иргэд хяналт тавина. Түүнээс биш газрын зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн хууль бус зүйл хийж байна гэж ойлгож болохгүй. 

Нээлттэй мэдээллийн үнэлгээг өнгөрсөн долоо хоногт аймаг, нийслэлийн хувьд хийхэд дунджаар 43,3 хувьтай байсан бол өнөөдөр 47,3 хувь болж өссөн. Яамдын үнэлгээ 66,09 хувьтай байсан бол одоо 71,53 хувь болж өссөн байна.

Улсын хэмжээнд Засгийн газрын 23 тусгай сан бий. Үүнээс эхний ээлжид 12 тусгай сангийн хөрөнгийн мэдээллийг ил болгох талаар албан хүсэлтийг өнгөрсөн долоо хоногт есөн сайдад хүргүүлсэн. Ингэснээр тухайн сангуудаас санхүүжүүлсэн төсөл, санхүүжилт авсан хэмжээ, зарцуулалтын түвшин зэрэг мэдээлэл олон нийтэд нээлттэй болно. 

Хүсэлт хүргүүлсэн Засгийн газрын 12 тусгай санд:

  1. Байгаль орчин, уур амьсгалын сан
  2. Боловсролын зээлийн сан
  3. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан
  4. Шинжлэх ухаан, технологийн сан
  5. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
  6. Улсын авто замын сан
  7. Соёл, урлагийг дэмжих сан
  8. Спортыг дэмжих сан
  9. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан
  10. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
  11. Хөдөө аж ахуйг дэмжих сан
  12. Эрүүл мэндийг дэмжих сан багтсан.

Энэ долоо хоногийн буюу дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцуулга хийж, төрийн байгууллагуудад чиглэл өгнө гэдгээ илэрхийлсэн.

Мөн хуралдаанаар shilen.gov.mn сайтад мэдээллээ ил болгоогүй төрийн байгууллагуудад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийн гишүүдийн нэрс, холбогдох мэдээллийг ил тод болгох асуудлыг үүрэг болгож байгаа” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу