Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр өөрийн санал, сэтгэгдлээ хуваалцсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ес дэх удаагийн сонгуулиа өгч байна. Энэ удаагийн сонгууль хэд хэдэн зүйлээр онцлог байлаа. Нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан сонголт хийх гэж байна. Салбар салбарын төлөөлөлтэй 126 гишүүнтэй парламентыг бид сонгох гэж байна. 
Өмнөх жилүүдийг бодвол энэ удаад сонгуулийн ирц илүү өндөр байна. Хилийн чанадад буй иргэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хувийн хэвшил, техник технологийн салбарын төлөөллүүд оролцож байна. Одоогоор иргэд маш идэвхтэй саналаа өгч байна. Үлдэж буй хугацаанд бүгдээрээ саналаа өгөхийг нийт ард иргэддээ уриалж байна. Энэ бол төлөөллөө сонгох сонголт юм.
Сонгуулийн өмнө 21 аймаг, нийслэлийн дүүргүүдэд 30 гаруй уулзалт хийлээ. Бүгд л өнгөрсөн 30 жилийг дүгнэж байна. С.Зориг агсны хэлсэн үг бий. “Улс орны эрх ашиг нэгдүгээр, намынх хоёр дугаарт байх ёстой” гэж. Харамсалтай нь С.Зориг амиа алдсаны дараа энэ эрэмбэ дараалал алдагдаж, хэсэг хугацааг туулсан.
Нам дагнасан бүлэглэл үүсэж, эрх зүйт төрд байж боломжгүй хэргүүд гарсан. Тиймээс энэ бүхнийг өөрчлөхөд иргэн таны санал маш үнэ цэнтэй. Энэ удаагийн сонгууль өнгөрсөн 30 жилийн дүгнэлт байгаасай. Цоо шинэ 30 жил эхэлж байна. Хүн бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэсэн юм.
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу