Иран улсад орон нутгийн цагаар 08:00 цагт Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт эхэлсэн байна. Исламын Бүгд Найрамдах Улсын сонгуулийн штабын төлөөлөгч Мохсен Эсламигийн хэлснээр, санал авах байрууд 18:00 цагт хаалгаа барих төлөвлөгөөтэй ч шаардлага гарвал ажиллах цагийг нь сунгах боломжтой аж.

Исламын Бүгд Найрамдах Улсын Дотоод хэргийн яамны тэргүүн Ахмад Вахидигийн хэлснээр, энэхүү сонгуулийн үеэр аюулгүй байдлын асуудалд ихээхэн ач холбогдол өгч буй юм байна. Үүнтэй холбогдуулан сонгуулийн хэсгийн хороодод хууль сахиулахын 180 мянга орчим алба хаагч ажиллаж байгаа талаар “ТАСС” агентлаг мэдээлэв.

Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси энэ сарын 19-нд онгоцны ослоор таалал төгссөн тул түүний залгамжлагчийг сонгох Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өнөөдөр ийнхүү болж буй юм.

Энэ удаагийн сонгуульд Ираны Үндсэн хууль сахиулагчдын зөвлөлөөс нэр дэвших эрхийг нь анх баталсан зургаан улстөрчөөс дөрөв нь өрсөлдөж байгаа аж.

Дэд ерөнхийлөгч Амир Хоссейн Газизаде Хашеми зургаадугаар сарын 26-нд консерваторуудын төлөө нэрээ татахаа мэдэгдсэн бол Тегеран хотын дарга Алиреза Закани зургаадугаар сарын 27-нд мөн ийм шийдвэр гаргажээ.

Алиреза Закани консерватив жигүүрээс хоёр гол нэр дэвшигч болох парламентын дарга Мохаммад Багер Галибаф, тус улсын Аюулгүйн зөвлөл дэх оюун санааны удирдагчийн төлөөлөгч Саид Жалили нарыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Тэднээс гадна хуучинсаг үзэлтэй, Дотоод хэрэг, Хууль зүйн яамны тэргүүн асан Мостафа Поурмохаммади, шинэчилсэн үзэлтэй цорын ганц нэр дэвшигч болох Эрүүл мэндийн сайд асан Масуд Пезешкян нар өрсөлдөж байгаа аж.

Ираны оюун санааны удирдагч Аятолла Али Хаменеи сонгуулийн хэсгүүд үүд хаалгаа нээсний дараа буюу эхний минутад саналаа өгчээ.

Тэрбээр “Сонгуулийн өдөр бол иранчуудын хувьд баяр баясгалан, аз жаргалын өдөр. Бид бүх хүнд улс төрийн энэ чухал үйл явдалд нухацтай хандаж, саналаа өгч оролцохыг зөвлөж байна” гэж онцолсон байна.

“Reuters” агентлагийн мэдээлснээр, Ираны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүр өөрийгөө ард түмний төлөөлөгч хэмээн хэлж, сайн засаглалыг амалж байгаа аж.

Иранд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сонгогчдын ирц буурчээ. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2021 оны сонгуулиар тус улсын санал өгөх эрхтэй иргэдийн 49 хувь нь сонгуулийн санал хураалтад оролцсон байна. Ираны оюун санааны удирдагч Аятолла Аль Хаминей энэ баасан гарагийн сонгуульд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалжээ.

Iranians vote in snap presidential election
Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи саналаа өгч байна (AP Photo)
Iranians vote in snap presidential election
Иран эмэгтэйчүүд сонгуулийн хэсгийн хороонд санал өгөхөөр дугаарлан зогсож байна [WANA/Reuters]
Iranians vote in snap presidential election
Иранчууд Тегеран дахь сонгуулийн хэсгийн хороонд санал өгөхөөр дугаарлан зогсож байна [WANA/Reuters]
Iranians vote in snap presidential election

Эх сурвалж: REUTERS, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу