УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн орон даяар үргэлжилж байна. Энэ үеэр Монгол ардын намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “УИХ-ын өмнөх сонгуулиудтай харьцуулахад, энэ удаагийн сонгууль өндөр ирцтэй үргэлжилж байна. Иргэд маань төрөө дээдэлж, саналаа идэвхтэй өгч байгаа дүр зураг ажиглагдаж байна. Харамсалтай нь, Ардчилсан намаас хууль зөрчсөн үйлдлүүд удаа дараа хийж байгаа нь баримтуудаар нотлогдож байна. 

Тухайлбал, зарим тойрогт АН-аас мөрийн хөтөлбөртөө ороогүй худал амлалтыг иргэдийг төөрөгдүүлэх зорилгоор мессэжээр явуулж байгаа нь баримтаар батлагдсан. Өвөрхангай аймгийн Төгрөг, Тарагт сумдад оюутнуудыг тэтгэлэгт хамруулна гэж худал амлалт өгч, саналыг нь авах зорилгоор хууль зөрчсөн үйлдлүүд хийлээ.

Бүх тойрогт АН-аас мөнгө тарааж байгаа байдал  хэрээс хэтэрлээ. Тухайлбал, Булган аймгийн АН-ын хорооноос иргэдийн хувийн мэдээлэл, регистрийн дугаарыг тулгаж, мөнгө тарааж байгаа нь үйлдэл дээрээ баригдсан. Өвөрхангай аймагт мөн сонгогчдод 150 мянган төгрөг тарааж байгаа үйлдэл нотлогдлоо. 

Ардчилсан намаас УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт нэр дэвшигч Х.Мөнгөнхуяг өөрийн нэрийн хуудсыг мөнгөтэй хамт гялгар уутанд хийж, өчигдөр зах, худалдааны төвүүдэд буй иргэдийн гарт атгуулах байдлаар хүчээр тараасан байна. Үүнийг бид бичлэгээр баталгаажуулан, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгсөн.

Зургаадугаар сарын 26-ны орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8-р багт байрлах айлуудад “Ээж, аавдаа өгөөрэй, АН-ыг дэмжээрэй” гэж дугтуйтай 300 мянган төгрөг тараасан зөрчил илэрлээ. Мөн иргэдийг саналаа өгч байхад дарамталж, “Ажиглаж байгаа шүү” хэмээн гар утас руу нь мессэж явуулж байна. 

Сонсголын бэрхшээлтэй хүмүүст зааварчилгаа өгч байгаа нөхөд АН-ыг дэмжээрэй гэж иргэний сонголтод нөлөөлж байна. Тиймээс АН-ыг хууль бус үйлдлүүдээ зогсоохыг албан ёсоор шаардаж байна. Мөн хүн зөөх үйлдэл маш их гарч байна” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу