Монгол Улсад Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбооны нарийн бичгийн дарга Инсик Жан тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт, үйл явцыг ажиглахаар ирсэн. Төлөөлөгчид Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, СЕХ-ны гишүүдтэй уулзсан юм.

Уулзалтын үеэр Инсик Жан хэлэхдээ, Дэлхийн сонгуулийн байгууллагуудын холбоо 120 гишүүн оронтой. Энэ жил тэдгээрийн 100 орчим улсад сонгууль болж байна. Мөн түүний нэг нь Монгол Улс. Бид Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж байна.

Хэд хэдэн онцлох давуу зүйл байна. Гадаад дахь иргэдээ сонгуульд оролцуулж, саналыг нь авсан нь тэдний сонгох эрхийг хангасан үйл явдал юм гэж дүгнэж байна. Нэг ёсондоо Монгол Улс гадаад дахь иргэдийнхээ сонгох эрхийг хангаж байгаа нь онцлог зүйл юм.

Гадаад улсад байгаа сонгогчид ч их идэвхтэй оролцож, саналаа өгчээ. Бид Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажигласнаа гишүүн орнуудтайгаа хуваалцана. Бидний хувьд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байдаг” гэв.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ сонгуулийн үйл явц дахь олон улсын байгууллагуудын ажиглалт нь харилцан туршлага солилцох, шинэ арга технологийг нэвтрүүлэх гол механизм болохыг онцлов.

Тэрбээр “Дэлхийн сонгуулийн байгууллагаас гадна манай улсад энэ удаагийн парламентын сонгуулийг ажиглахаар Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Ардчилсан институт, хүний эрхийн газраас өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй ирээд байна. Энд парламентын гишүүн, шинжээч, мэргэжилтнүүд багтаж байна.

Ажлын хэсэг олон улсын шаардлага, ардчилсан зарчим, үндэсний хууль тогтоомжид нийцэж буй эсэх талаар мониторинг хийгээд, үр дүнгээр тайлан гаргаж, дүгнэлт, зөвлөмж өгдөг. Эдгээр нь манай улсын үндэсний хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох, сонгуулийн тогтолцоог сайжруулахад чухал ач холбогдолтой юм. Энэ нь бидний хувьд хамгийн гол баримтлах бичиг баримт нь болно” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу