АНУ-ын Атланта хотод энэ сарын 27-ны орой АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн телевизийн анхны мэтгэлцээнд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден болон түүний сонгуулийн гол өрсөлдөгч, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Дональд Трамп нар оролцсон.

Мэтгэлцээн 90 минут орчим үргэлжилсэн бөгөөд тэд АНУ-ын эдийн засаг, цагаачлал, үр хөндөлт, Орос-Украины мөргөлдөөн, Палестин, Израилийн нөхцөл байдал зэрэг асуудлуудаар мэтгэлцэв.

Жо Байден Дональд Трампын засгийн газрын хэрэгжүүлж байсан цагаачлалын бодлогыг, харин Трамп Байдены Засгийн газар АНУ-ын өмнөд хилийн аюулгүй байдлыг хангаж чадаагүй, гэмт хэрэгтнүүдэд АНУ-д нэвтрэх боломж олгосон хэмээн шүүмжилжээ.

Америкийн “Квинси институт” судалгааны төвийн захирал Эли Клифтоны хэлснээр, тэд мэтгэлцээний үеэр Вашингтоны гадаад бодлогын талаарх төсөөллөө тодорхойлж чадаагүй байна.

Тэрбээр “Responsible Statecraft”-д “Нэр дэвшигчийн хэн нь ч Америкийн ашиг сонирхолд нийцүүлэн, уур амьсгалын өөрчлөлт, цөмийн зэвсгийн хор хөнөөл, их гүрнүүдийн хоорондын хурцадмал байдал зэрэг оршин тогтнох нийтлэг аюулыг сөрөн зогсохын тулд АНУ дэлхийтэй хэрхэн эерэгээр харьцах талаар алсыг харсан санал дэвшүүлсэнгүй” гэж ярьжээ.

Тус хэвлэлд мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй хоёрын мэтгэлцээн үзэгчдийн сэтгэлд нийцээгүй, урмыг нь хугалсан байна. Учир нь, АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн албан тушаалд өрсөлдөж буй Трамп, Байден нар мэтгэлцээний үеэр Украин болон Газын зурваст болж буй үйл явдалд зөвхөн өөрсдийн эрх ашгийн үүднээс хандаж байсантай холбоотой аж.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, Трамп, Байден нарын хоёр дахь халз мэтгэлцээн есдүгээр сарын 10-нд болох юм байна.

Тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сарын 5-нд болно. Трамп Бүгд найрамдах намаас төрийн тэргүүнд нэр дэвшихэд шаардлагатай төлөөлөгчдийн саналыг хэдийнэ авчээ. Хоёр дахь удаагаа сонгогдохоор өрсөлдөж буй Байден Ардчилсан намын төлөөлөгчдөөс чамлахааргүй дэмжлэг авсан байна.

Эх сурвалж: CNN, XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу