НЭМЭЛТ: 22.00 ЦАГ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт албан ёсоор дууслаа. Сонгуулийн санал хураалтын үр дүнг өнөөдөртөө багтаж урьдчилсан байдлаар зарлана.

Энэ удаагийн сонгуулийн санал хураах ажиллагааг бүрдүүлэхээр нийт 40 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23500, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12 мянган алба хаагч, Онцгой байдлын 100 алба хаагч нар хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу ажиллаж буй юм.

Энэ удаагийн сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 259 ажиглагч ажиглаж, олон улсын 12 агентлаг болон дотоодын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч сурвалжлагч нар мэдээллийг шууд дамжуулж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны хувьд сонгууль зохион байгуулах бүхий л үйл явцыг оролцогч талууд, ажиглагчид, иргэд олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад нээлттэй зохион байгуулж буй юм.

Сонгуулийн ерөнхий хороо 11:40, 17:00, 21:00 цагаас сонгогчдын ирц болон зохион байгуулалттай холбоотой мэдээллийг дамжуулах юм. Оройн 22:00 цагаас санал хураах үйл ажиллагаа тасалбар болж,

Монгол Улс 1992, 1996, 2000, 2004, 2008, 2012, 2016, 2020 онд парламентын сонгууль зохион байгуулж байв.

УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ СОНГОГЧИЙН ИРЦ 61.5 ХУВЬД ХҮРЛЭЭ

НЭМЭЛТ: 20.30 ЦАГ

УИХ-ын сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Санал хураалт дуусахад 90 минут дутуу байгаа бөгөөд 20:00 цагийн байдлаар нийт сонгогчийн ирц 61.5 хувьд хүрсэн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэв.

Аймгуудаас Завхан аймаг хамгийн өндөр буюу 68.2 хувийн ирцтэй байгаа бол хамгийн бага нь 56.3 хувийн ирцтэй Сэлэнгэ аймаг байна. Нийслэлийн дүүргүүдийн хувьд Багахангай 67.2 хувийн ирцээр тэргүүлж байгаа бол хамгийн бага нь 58.5 хувийн ирцтэй Чингэлтэй дүүрэг байна.

Мөн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эрэгтэй сонгогчдын 57.9, эмэгтэйчүүдийн 66 хувь нь саналаа өгчээ. Үүний зэрэгцээ 20-29 насны сонгогчдоос бусад насны сонгогчдын ирц 50-иас дээш хувьд хүрсэн байна.


Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр (2024.06.28)  сонгуулийн санал хураалт (17.00 цагийн байдлаар)-ын явцын талаар мэдээлэв.

“ХЭСГИЙН ХОРООНД САНАЛ ТООЛОХ ТӨХӨӨРӨМЖ ЗАДАЛСАН ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ ХУУРАМЧ БОЛОХ НЬ ТОГТООГДСОН”

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.БАТ-ЭРДЭНЭ:

-Улсын хэмжээнд санал тоолох нийт долоон төхөөрөмж бохирдсоныг нөөц төхөөрөмжөөр сольсон. Тодруулбал, төхөөрөмж бохирдсоны улмаас цаасны бөөгнөрөл үүсэх, саналын хуудсыг буцааж гаргах зэрэг тохиолдол илэрсэн.

СЕХ-ноос энэ удаагийн сонгуульд нийт 2789 санал тоолох төхөөрөмжийг үндсэн төхөөрөмжөөр хуваарилж, 154 төхөөрөмжийг нөөцөөр хуваарилсан. Бид одоогийн байдлаар нөөцийн төхөөрөмжүүдээс долоог нь ашиглаад байна.


НЭМЭЛТ: 

Сонгуулийн санал хураалтын ирц улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар 50.6 хувьд хүрсэн. Аймгуудаас Архангай аймгийн хэмжээнд 61463 сонгогч саналаа өгөхөөс 17.00 цагийн байдлаар 30883 сонгогч саналаа өгч, ирц 50.2 хувьтай байжээ. Бүсээр нь харвал УИХ-ын сонгуулийн 1 дүгээр тойргийн санал хураалт 54 хувьтай буюу 101149 сонгогч саналаа өгчээ.

Тус аймгийн 19 сумаас хамгийн өндөр ирцтэй нь Цахир 62, Тариат 61 хувийн ирцтэй бол бусад сумдын санал хураалт 38-59 хувийн ирцтэй байсан аж.

Говь-Алтай аймгийн хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 15.45 цагийн байдлаар 52 хувьтай гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт болсон. Харин тухайн цаг мөчид Баян-Өлгий аймагт саналаа өгсөн сонгогчийн ирц 36 хувь, Дархан-Уул аймагт саналаа өгсөн сонгогчийн ирц 37.1 хувь, Орхон аймагт саналаа өгсөн сонгогчийн ирц 37.4 хувь байгаа нь хамгийн муу үзүүлэлт болсон билээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу