Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр сонгуулийн санал хураалт явагдаж буй энэ цаг үед цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээлэл болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр “Улс төрийн нам, эвслийн гишүүд мөнгө тарааж байна” гэх асуудалд тайлбар өгсөн юм. 
Г.Пүрэвдэлгэр “Цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 130 дуудлага ирсэн. Үүнд хууль бусаар мөнгө тараасан гэх гомдол мөн багтаж хяналт шалгалтын үйл ажиллагааг үргэлжлүүлж байна. Мөн Зэвсэгт хүчний нэр бүхий хоёр ангийн алба хаагчдад МАН-ын найман нэр дэвшигчдийг дугуйлахыг шаардсан гэх асуудлыг тодруулан шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.
Улс төрийн намууд харилцан мэдээлэл хийж байгаа асуудалд холбогдох хууль зүйн заалтыг цагдаагийн байгууллага тайлбарладаг субъект биш. Иргэн, хуулийн байгууллагаас ирүүлсэн гомдлыг шалгах үйл ажиллагаа явуулдаг. Ирсэн гомдол мэдээллийг шууд газар дээр нь бодит үнэн эсэхийг хэлэх боломжгүй. Хууль журмын дагуу шалгаж тогтоосны дараа олон нийтэд мэдээлнэ.
Цахим орчинд илтэд худал мэдээлэл тавигдсан гэх гомдол мэдээлэл нь нийт гомдлын дийлэнхийг эзэлж байгаа. Нэр дэвшигчдийн машин, орон гэрт үзлэг шалгалт хийсэн гэх хэрэг цахим орчинд цацагдсан. Тухайлсан асуудлын хүрээнд цагдаагийн байгууллагаас тухай бүрд мэдээлэл өгсөн.
Нэр дэвшигчийн орон байр, бүртгэлтэй тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийсэн зүйл одоогоор байхгүй. Зайлшгүй нэгжлэг хийх шаардлага гарвал хуулийн дагуу шалгалтын ажиллагааг явуулна” гэлээ. 
А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу