Хятадын үндэсний сансар судлалын алба (CNSA)-наас Баасан гарагт хийсэн урьдчилсан хэмжилтээр Хятадын “Чанъэ-6” хөлөг сарны алслагдсан хэсгээс 1935.3 грамм дээж цуглуулсан байна.

Тус албаны дарга Жан Кежиан Бээжинд болсон ёслолын үеэр Хятадын шинжлэх ухааны академи (CAS)-ийн дэд ерөнхийлөгч Дин Чибиаод сарны дээжийн сав болон гэрчилгээг гардуулан өгчээ. БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Жин Жуанлун уг дээжийг хүлээлгэн өгөх ёслолыг удирдан явуулсан байна.

CNSA-ийн Сарны хайгуул, сансрын инженерчлэлийн төвийн дэд захирал Гэ Пин дээрх ёслолын үеэр “Чанъэ-6-гийн авчирсан дээжүүд өмнөх дээжүүдтэй харьцуулахад илүү наалдамхай, барьцалдсан шинж чанартай болохыг бид олж тогтоосон” гэж хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Судлаачид сарны дээжийг төлөвлөсний дагуу хадгалж, боловсруулж, шинжлэх ухааны судалгааг эхлүүлэх аж.

CNSA “Хүн төрөлхтний түүхэнд анх удаа сарны алсаас цуглуулсан дээжүүд нь сарны хувьслын талаарх ойлголтыг улам гүнзгийрүүлж, сарны нөөцийг энхийн зорилгоор судлах, ашиглах хурдыг түргэсгэх, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой юм. Энэ нь бүх хүн төрөлхтний хувьд чухал хөрөнгө болно” гэж мэдэгджээ.

Мөн тус албанаас “Энэхүү дээжийг судалж, Хятадын сарны хайгуулын ололт амжилтаас олон улсын хамтын нийгэмлэгтэй хуваалцана” гэж мэдэгдсэн байна.

“Чанъэ-6” хөлгийн цуглуулсан 1935.3 грамм сарны дээжийг лабораторид аюулгүй зөөвөрлөн авчирчээ. Улмаар судлаачид төлөвлөгөөний дагуу сарны дээжийг хадгалах, боловсруулах ажлыг хийж, шинжлэх ухааны судалгааны ажлыг эхлүүлэх аж. Ийнхүү “Чанъэ-6”-гийн үүрэгт ажил инженерийн хэрэгжилтийн шатнаас шинжлэх ухааны судалгааны шинэ шатанд албан ёсоор шилжжээ.

Эх сурвалж: XINHUA
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу