УИХ-ын сонгуулийн санал тоолох ажиллагаа үргэлжилж байна. Сонгуулийн Ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнийн мэдээлснээр, сүлжээ орохгүй байгаа 90 орчим хэсгийн хорооноос санал толллогын дүнг зөөж дууссаны дараа мэдээлэл хийх ажээ. Дээрх хэсгийн хороодын ирц одоогийн байдлаар самбарт мэдээлэгдээгүй байгаа юм.

Ирцийн мэдээ рийлтайм буюу сонгогч хурууны хээгээ уншуулахад шууд дэлгэц дээр нэгтгэгдэж мэдээлэгддэг бол санал авах төхөөрөмж сүлжээнд огт холбогддоггүй байна. Хяналтын тооллого үргэлжилж буй бөгөөд хүссэн хүн бүхэн орж сонирхож болох юм байна.

Тэрбээр энэ удаагийн сонгуульд нийт санал тоолох 2789 төхөөрөмжийг байршуулсан бөгөөд санал авах үеэр ямар нэг асуудал гарвал солихоор 154 төхөөрөмжийг нөөцөөр хуваарилж, нийт долоог нь ашигласан талаар мэдээлсэн.

Сэтгүүлчид түүнээс Баянгол дүүргийн санал авах байранд саатал гарсан талаар тодруулахад “Иргэний бүртгэлийн систем гацсан тул саатал гарсан. Улмаар улсын бүртгэлийн газрын шуурхай удирдлагын баг зохих арга хэмжээ авч, хэвийн байдалд шилжсэн” гэж хариулсан билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу