Төв аймгийн хэмжээнд 60365 сонгогч санал өгөхөөс 22.00 цагийн байдлаар 41044 сонгогч саналаа өгч, ирц 68 хувьтай санал хураалт дууссан байна. Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбатын мэдээлснээр, Төв аймгийн 27 сумын 97 хэсгийн хорооноос 22.20 цагт ирцийн мэдээлэл ирж нэгтгэжээ.

Сумдаар авч үзвэл, хамгийн өндөр ирцтэй Зуунмод сумын Номт 1-р багийн хэсэг, Мөнгөнморьт, Эрдэнэсант сум 77 хувьтай байсан аж. Хамгийн бага ирцтэй Сэргэлэн сум 50 хувьтайгаар Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа дууссан байна. Сонгуулийн үеэр зөрчил, дутагдал, техникийн алдаа гараагүй ажээ.

21.20 цагийн байдлаар, Төв аймгийн Мөнгөнморьт суманд хамгийн өндөр ирцтэй буюу 73 хувь, Алтанбулаг сум 72 хувьтай байв.

Энэ жил тоног төхөөрөмжийн шинэчлэлийг нэвтрүүлснээр мэдээллээ цаг алдалгүй авч чадаж байсан ч олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн ирцийг шууд дамжуулж байгаа учраас ачаалж, улсын бүртгэлийн хэлтэс мэдээлэл авахад хүндрэл учиржээ. Гэвч ирцийн мэдээлэл иргэдэд ил тод, нээлттэй байснаар өмнөх жилүүдээс сонгогчдын ирц 10 хувь нэмэгдсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу