“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “Та бүхэндээ шөнийн мэнд хүргэе. Ямартаа ч Монгол Улсын Их хурлын сонгууль явагдаж дууслаа. “Үндэсний эвсэл”-ийн нэр дэвшигчдийг дэмжсэн бүх иргэддээ баярлалаа. Амаргүй сонгууль байсан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль, хүчний байгууллагууд, Сонгуулийн Ерөнхий хороо хууль зөрчиж, биднийг УИХ-ын сонгуульд төлөвлөгөөний дагуу ажиллах боломж олгоогүй.

Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань сонгууль дуусахаас 36 цагийн өмнө батламжаа авах жишээний. Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн Ганболдын Баярхүү маань сонгууль эхлээд ес хоносны дараа батламжаа авсан.

“Үндэсний эвсэл”-ийг тэргүүлсэн намайг ч гэсэн хасаж, сонгууль эхэлснээс хойш тав хоногийн дараа би сонгуулийн ажлаа эхэлсэн. Энэ асуудлыг орхихгүй.

“Хар машин” буюу сүлжээний тооллогоор явдаг энэхүү программд хөндлөнгийн аудит хийх цаг болсон. Үндэсний эвсэлд ирэх саналыг саармагжуулах олон үйл ажиллагаа явагдсан. Энэ бүгдийг бид цаг тухайд нь хэвлэлд мэдээлж, Монголын сонгууль дахин элдэв луйваргүй байх тогтолцооны төлөө “Үндэсний эвсэл” ажиллах болно гэдгийг мэдэгдье.

“Үндэсний эвсэл” хуульд заасан босгыг амжилттай давж чадсан. “Үндэсний эвсэл”-ээс тойрогт нэр дэвшсэн, иргэдийнхээ сайн сайхны төлөө, Монгол төрийнхөө төлөө эр зориг гаргаж, сэтгэлээрээ зүтгэсэн олон нэр дэвшигч бий. Бүгдэд нь маш их талархаж байна.

Өнгөрсөн цаг хугацаанд “Үндэсний эвсэл” байгуулаад, гуравхан сар болсон ч гэсэн цаашдаа хамтдаа явах багийг бүрдүүлж чадлаа.

УИХ-ын сонгуульд босго даваад, тэнцвэргүй тулаанд өрсөлдөнө гэдэг амаргүй. Гэхдээ “Үндэсний эвсэл” хуульд заасан босгыг амжилттай давж чадлаа. Би шулуухан хэлье, хулгайч нарт өс зангидна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу