МАН-ын сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрхэм хүндэт Монгол Улсын иргэд, сонгогчид та бүхэндээ ес дэх удаагийн Монгол Улсын парламентыг бүрдүүлэх сонгуульд маш их идэвхтэй оролцож, саналаа өгч, эрхээ эдэлсэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шинэ 30 жилийг эхлүүлэх тухайд улс төрийн намуудтай зөвшилцөж, энэхүү тогтолцооны өөрчлөлтийг хийж чадсан.

Парламент ард түмнээс хол харагддаг. Парламентад хоёр намаас өөр намууд орж ирж чаддаггүй. Нийгмийн салбар салбарын төлөөллүүд орж ирж чаддаггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллүүд орж ирж чаддаггүй. Ажил олгогчид, ажилтнуудын төлөөлөл, багш, эмч нарын төлөөлөл гээд нийгмийн төлөөлөл, хилийн чанадад байгаа монголчуудын төлөөлөл парламентад орж ирж чадахгүй 34 жил болсон байна.

Өнөөдөр бид анх удаа 126 төлөөлөл бүхий шинэ парламентыг бүрдүүлж, салбар салбарын, нийгмийн дуу хоолойны төлөөлөл болсон ард түмний парламент бий болж байна. Нутаг дэвсгэрийн төлөөллийн зарчим бий болж байна.

34 жилийн түүхэнд 5-6 намын төлөөлөлтэй парламенттай болж байна. Ардчиллын мэтгэлцээнд шинэ хуудас нээж байна гэж хэлж болно. Ардчилсан нам болон ХҮН намд баяр хүргэе.

Монгол ардын нам урьдчилсан байдлаар УИХ-д 68-70 суудалтай болох тооцоолол ирж, ялалт байгуулж байна. Энэ бол МАН-ын ялалт гэхээс илүүтэй ард түмний ялалт. Ард түмний дуу хоолой парламентад орж ирж буй цоо шинэ үзэл санааны том реформ болж буйгаар Монгол Улсын парламентад түүх болж үлдэнэ.

Одоо бид шинэ 30 жилийн тогтолцоонд дасах ёстой. Шинэ дэгээр явна, намууд бодлогын нам болно, намын дэргэд судалгааны хүрээлэнгүүд бий болно, үзэл баримтлалаараа мэтгэлцэнэ, ард түмний санал гээгдэхгүй.

Өнөөдөр санал өгөх үедээ маш сэтгэл хангалуун байсан зүйл бол 1990 онд Монголын ард түмэн идэвхтэй, ардчилалдаа сэтгэл хангалуунаар өндөр ирц бүрдүүлж, төлөөллийн төв байгууллага парламентыг бүрдүүлэх гэж саналаа өгсөн. Ардчилсан хувьсгал анхдагч үнэт зүйлдээ эргэн ирэх ард түмний дуу хоолой болж байна.

Үзэл бодлын ялгаатай байдлыг хүндэтгэж, үйл ажиллагаандаа тусгаж явах болно. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Монгол хүний оюун ухаан ийм л байдаг. Одоо намын хатуу гишүүнчлэлийг болиулж, намыг олигархууд санхүүжүүлж төрд гардаг байдлыг халаж, их хуралд авсан суудлын тоогоор намуудыг улсаас санхүүжүүлдэг болбол олигархууд дахин өндийхгүй. Ард түмэн яллаав

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу