УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч, шинээр сонгогдсон 126 гишүүн үнэмлэхээ гардан аваад буй. Эл парламентын анхдугаар чуулган өнөөдөр (2024.07.02) 10:00 цагаас эхэлнэ. Чуулганыг Д.Рэгдэл даргалан явуулах юм. 

Тодруулбал, УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд 22.3-т “Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасан байдаг. Энэ дагуу шинэ парламентад сонгогдсон гишүүдээс хамгийн ахмад нь Д.Рэгдэл юм.

Д.Рэгдэл гэж хэн бэ?

  • 1951 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төрсөн.
  • 1970 онд Говь-Алтай аймгийн Алтай хотын 10 жилийн дунд сургууль төгсжээ.
  • 1971-1976 онд ЗХУ-ын Харьков хотын М.Горькийн нэрэмжит Улсын их сургуульд суралцаж, биологийн багш, биохимич мэргэшлээр төгссөн.
  • 1985 онд Берлиний Гумболдтын Их сургуульд доктор (Ph.D), 2001 онд “Липоксигеназууд, нийтлэг шинж, өвөрмөц онцлог” сэдвээр химийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг тус тус хамгаалжээ.
  • 2002 онд Монгол улсын Шинжлэх ухааны академийн гишүүнээр сонгогдсон.
  • 1976-1977 онд ШУА-ийн Химийн хүрээлэнд ЭШДаА,
  • 1977-1982 онд Физик, техникийн хүрээлэнд ЭШДэА,
  • 1982-1985 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд аспирант,
  • 1986-1997 онд Хими, химийн технологийн хүрээлэнд Биохимийн секторын эрхлэгч,
  • 1997-2001 онд тус хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • 2001-2009 онд Монгол улсын ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга,
  • 2009-2016 онд ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч,
  • 2016 оноос ШУА-ийн Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
  • Академич Д.Рэгдэл нь 1996 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2006 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол хүртэж байжээ.

УИХ-ын анхдугаар чуулганыг хэрхэн хуралдуулдаг вэ?

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 18 дугаар зүйл. Улсын Их Хурлын анхдугаар чуулган хуралдуулах тухай: 

18.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн товлосон өдөр анхдугаар чуулганы үйл ажиллагаа эхэлнэ.

18.2.Анхдугаар чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлнэ.

18.3.Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол хуралдаанд оролцсон насаар ахмад дараагийн гишүүн даргална.

18.4.Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэл тавина.

18.5.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн эхэлж, бусад гишүүн цагаан толгойн үсгийн дарааллын дагуу Улсын Их Хурлын гишүүний тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурна.

18.6.Гишүүн тангараг өргөснөөр Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол баталсанд тооцно.

18.7.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

18.8.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхөд энэ хуулийн 18.4, 18.5,18.6-д заасан журмыг баримтална гэж тус тус заажээ.

УИХ-ын анхдугаар чуулганаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

16.3.1.шинээр сонгогдсон гишүүдийг тангараг өргүүлж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх;

16.3.2.Улсын Их Хурлын даргыг сонгох;

16.3.3.нам, эвслийн бүлэг байгуулсан тухай мэдээллийг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлснийг сонсох;

16.3.4.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох;

16.3.5.Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж, Байнгын хорооны дарга нарыг сонгох;

16.3.6.Ерөнхий сайдыг томилох;

16.3.7.Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах;

16.3.8.Засгийн газрын гишүүдийг томилох тухай Ерөнхий сайдын танилцуулгыг сонсох;

16.3.9.шинээр томилогдсон Засгийн газрын гишүүдийг тангараг өргүүлэх;

16.3.10.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн тогтоох эсэх асуудлаар шийдвэр гаргах.

16.4.Анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу