“Ялсны дайтай ялагдлаа” гэж “Шинэ нэгдсэн эвсэл”-ийнхэн үзэж байгаа бол “Үнэн ба зөв нам” саналаа луйвардуулсан хэмээн ихэд бухимдаж, 2008 оны долдугаар сарын 1-ний “хар өдөр”-ийг сануулж, тэмцэнэ, жагсана, үзэлцэнэ гэж мэдэгдэв.

“Шинэ нэгдсэн эвсэл”-ийнхэн Сонгуулийн тухай хуулиар 4.8 хувийн санал авсан нь хоосон үлдэж байхад 5 хувийн санал авсан нам дөрвөн суудал авч, 0.2 хувийн саналын зөрүүгээр дөрвөн гишүүн хэмжигдэж болох уу?” хэмээн бухимдаж буйгаа илэрхийлжээ.

Тэдэнд эвслийн босго 5 хувь буюу 72700 сонгогчийн санал авахаас 69682-ийг авснаар хуульд заасан босго давахад ердөө 3000-хан санал дутжээ. Хэрвээ нэмээд 3000 хүний санал авсан бол “Шинэ нэгдсэн эвсэл” парламентад 3-4 суудалтай болох байсан аж.

“Шинэ нэгдсэн эвсэл”-ийн гишүүд “Босго нэгэнт давж чадаагүй учир жагсаалтын бидэнд өгсөн 69682 санал маань босгоо давсан МАН, АН, ХҮН, ИЗНН, “Үндэсний эвсэл” гэсэн 5 нам, эвсэлд хуваагдан очлоо.

Тэд зөвхөн “Шинэ нэгдсэн эвсэл”-ийн жагсаалтынхны авсан 69682 саналаас гадна “Үнэн ба Зөв нам”-ын 40000, “Иргэний хөдөлгөөний нам”-ын 20000 гэх мэтээр босго давж чадаагүй намуудын нийт 207000 саналыг хувааж авснаар УИХ-ын гишүүдийнхээ тоог автоматаар 1, 2-оор нэмлээ. Манай сонгуулийн хууль сонгогчийн өгсөн санал “гээгдэх” байтугай бүр “эсрэг”-ээр өгөгдөх заалттай ажээ.

Энэ удаагийн сонгуулиар парламентад суудал авсан 5 намыг огт сонгоогүй 207000 хүний саналыг хүчээр “хүсээгүй” намуудад нь хувааж өгч байна. Суудал авсан нам, эвсэл тус бүрт босго даваагүй намуудын 41500 саналыг автоматаар өгч, “сонгогчийн хүсээгүй” 5 УИХ-ын гишүүнийг автоматаар сонголоо.

Сонгуулийн хууль нь Шударга ёсны зарчмын эсрэг. Тухайлбал, ИЗНН манайхаас ердөө 3300 саналын илүү байхад 4 гишүүнтэй. Манайх нэг ч гишүүнгүй. “Үндэсний эвсэл” манайхаас 5500 санал илүү байхад бас л 4 гишүүнтэй.

Эдгээр хоёр нам эвсэл жагсаалтын 18000 санал тутамд нэг УИХ-ын гишүүнтэй болсонтой дүйцүүлбэл 69882 саналтай “Шинэ нэгдсэн эвсэл” 4 гишүүнтэй болох хэмжээний санал авчээ. Гэвч “босго даваагүй” гэдэг шалтгаанаар босго давсан бусад нам, эвслүүдэд авсан саналаа булаалгаж байна. Сонгуулийн хуулийг баталсан манай 76-гийн тархи ингэж л ажилладаг ажээ.

Энэ удаагийн сонгуульд санал өгсөн нийт 1сая 455 мянган сонгогчийг жагсаалтын 48 суудалд хуваарилвал нэг суудалд 30316 сонгогч оногдож байна. Босго оноог энэ оноогоор нь заасан бол 40000 саналтай “Үнэн ба Зөв нам” дээр 30316-ийн босго оноонд хүрээгүй бусад намуудын санал нэмэгдэж, 2 суудал, “Шинэ нэгдсэн эвсэл” 3 суудал авах байжээ. Товчхондоо “Шинэ нэгдсэн эвсэл”-д өгсөн 69000 хүний буюу 3 суудал авах хэмжээний санал тэдний сонгоогүй нам, эвсэлд очиж байна.

Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн Сонгуулийн хуулийг өөрчилж байж бид сонгогчдын саналыг үнэн зөвөөр, үр дүнтэй нам эвслүүдэд хуваарилах болно. Үндсэн хууль зөрчсөн ийм хууль УИХ нь баталж байхад манаач нь болсон Үндсэн хуулийн Цэц хаана байсан бэ? Цэцийн гишүүн нь шал согтуу ажлынхаа шалан дээр өнхөрч байхад бид тэднээс юу ч хүлээх билээ?

Ер нь энэ удаагийн сонгуулийн хууль үнэхээр тэгш бус. Улаанбаатар хотын 60000 сонгогч тутам 1 УИХ-ын гишүүн оногдож байхад хөдөөд 20000 сонгогч тутамд 1 УИХ-ын гишүүн оногдох жишээтэй. Хотод амьдарч байгаагийнхаа төлөө сонгох эрхийнхээ 3/2 -ийг алдаж болох уу?

Нэг намын хэт дарангуйлал тогтоход тэнэгрэл гэгч дээд цэгтээ хүрч, нүд чихгүй болдог юм билээ. Эцэст нь, ард түмэн хохирдог. Харин ч энэ удаа нэг намын хэт дарангуйллыг сөрж, АН олон суудал авч, ядаж алагласанд баяртай байна. Эрх биш дэргэдээ сөрөг хүчинтэй, дээрээ ард түмэнтэйгээ санах биз” хэмээв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу