УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн 1-р тойрогт МАН-аас нэр дэвшсэн УИХ-ын дарга Г.Занданшатар өвдөг шороодож, оронд нь томилогдох шинэхэн спикерийн марафон эрх баригч нам дотор хэдийнэ эхэлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр, УИХ-д сонгогдоод буй МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Д.Амарбаясгалан нарын нэр түүхэндээ анх удаа 126 гишүүнтэй болж буй Их хурлын даргын албан тушаалд яригдаж буй.

Ж.Энхбаярыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар тус тус томилуулах хүсэлтэй байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “өөрийн хүн”-ээ УИХ-ын дарга болгох сонирхол их бий нь мэдээж. Ж.Энхбаярын хувьд УИХ-д хоёронтаа сонгогдож, Батлан хамгаалахын сайдын алба хашиж, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Тэр батлан хамгаалах, аюулгүй байдал, гадаад бодлогын чиглэлээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн билээ.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёул 80-аад оных. Олон намын төлөөллийг бүрдүүлж чадсан Гүйцэтгэх засаглалын тэргүүний хувьд Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилуулах хүсэлтэй байгаагаа ил тод, хүчтэй илэрхийлж буй. Тэрбээр “Амарбаясгалан Оюун-Эрдэнэгүйгээр, Оюун-Эрдэнэ Амарбаясгалангүйгээр байх боломжгүй” гэж хэлнэ лээ.

Д.Амарбаясгалан МАН-ын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаас эхлээд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч, бүлгийн дарга, Монгол Ардын Намын Сонгууль хариуцсан Нарийн бичгийн дарга, Монгол Ардын намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болтлоо дэвшсэн нэгэн.

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр (2024.07.01) хуралдаж, хамтарсан Засгийн газар болон УИХ-ын даргын томилгоог хэлэлцэх юм. Одоогийн байдлаар тус намын Удирдах зөвлөлийн хурлын тов хараахан гараагүй байна.

Ардчиллын тулгуур зарчмаар, сонгуулиар олонхи болсон нь Засгийн газраа байгуулж, цөөнх нь сөрөг хүчин болж, хяналт тавьдаг. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтын үр дүнд МАН 68 суудал, АН 42 суудал, ХҮН нам 8 суудал тус тус авсан. Эндээс олонхи болсон МАН Засгийн газраа байгуулах нь зүйх билээ.

Гэвч МАН Засгийн газартаа АН, ХҮН намыг орж ажиллахыг урив. Хэрвээ тэд эвсвэл тойргийн гадна үлдсэн “Үндэсний эвсэл”, ИЗНН “сөрөг хүчний байр” суурийг нь эзэлнэ.

МАН Засгийн газрын гишүүдийн 60 хувийг бүрдүүлж, үлдсэн гишүүдийг бусад намаас авахаар тооцсон сурагтай. Энэ мэт эвслийн засгийн газар байгуулагдах тухай яриа олон хүний эгдүүцлийг төрүүлж байна.

Эвсэх байсан юм бол сонгуулийн кампанит ажил өрнүүлж, уралдаж тэмцэлдэж шоудах ямар хэрэг байсан юм бэ гэж үзэж буй нэг хэсэг байхад АН эвсвэл “булшаа ухна” гэж хэлэх нь ч байгаа юм.

Ерөнхий сайд асан С.Баяр “Нэг нууц задалья. Манайд үнэн хэрэгтээ улс төрийн намын тод ялгаа үгүй. Тэр ялгаа нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянга давж байж, дунд гэгч давхарга бүрдэж байж, нийгмийн страта бүр ялгарч байж бий болох биз.

Одоохондоо бид 40 мянгад “манай, танай байр” гэж чулуу нүүлгэж буй хүүхдүүд лугаа. Эдийн засгаа тэлж, үйлдвэрээ хөгжүүлж, экспортоо эрс нэмэгдүүлж гэмээнэ олон намын бодит тогтолцоо үүснэ. Тэр болтол… эвээ олоод жоохон ч атугай ахихсан. Сайн цаг үзмээрсэн…” гэжээ.

Улс төрийн үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг анхааралтай харж л байя…

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу