УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам 440 гаруй мянган сонгогчийн санал авч, УИХ дахь 11 суудлаа 42 болгож нэмэгдүүлсэн. Гэвч тус намынхны хувьд энэ нь чамлалттай үр дүн тул одоогийн дарга Л.Гантөмөрийг огцруулах акц өрнүүлж буй аж.

Ардчилсан намын зарим гишүүд “Ялагдсан намын дарга дүрмээрээ ажлаа өгөх ёстой”  хэмээн Л.Гантөмөрт шахалт үзүүлж буй бол “унтаа, унхиагүй” ажиллаж ирсэн хэмээн түүнийг  үл  хүлээн зөвшөөрөгчид дахин намын бодлогыг түүнд атгуулахгүй гэж зүтгэж байгаа аж. Тиймээс Ардчилсан нам дараагийн даргаараа хэнийг томилох талаар яаравчлан ярилцаж эхэлжээ.

Энд хэд хэдэн хүний нэр яригдаж байгаа аж. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нарын нэр дуулдаж байна.

Ц.Тувааны хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас парламентад сонгогдсон бол 2024 оны сонгуулиар Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ялалт байгуулсан. Тэрбээр саяхан АН дотор “Нэг монгол” гэх фракцыг үүсгэн байгуулсан бөгөөд хүчээ авч байгаа сурагтай.

Нөгөө талаар Ц.Туваан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөдөө аж ахуйн сайд байхад тус яамны Дэд сайдын албан тушаал хашиж байсан. 2017-2020 онд Х.Баттулгыг АН-ын даргаар ажиллах үед түүний толгойлдог МоАХ фракцын квотоор тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд очиж байв. Энэ утгаараа Х.Баттулгын үгнээс гарахгүй гэж АН-ын зарим гишүүд ярьдаг. Товчхондоо тэр Х.Баттулгын хүн.

Н.Алтанхуяг намын дарга болчихвол Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарыг Ардчилсан намд ойртуулахгүй гэж зарим гишүүд нь үзэж байна. Гэвч тэр намын дарга болох магадлал тун бага бололтой. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооноос 2019 онд түүнийг гишүүнээс хасах шийдвэр гаргасан. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Орхон аймагт бие даан нэр дэвшиж, парламентын гишүүнээр сонгогдсон.

АН-ын гишүүнчлэлээ сэргээж, эргэн ирсэн Н.Алтанхуяг өөрийн “Алтангадас” фракцынхаа үйл ажиллагааг сэргээжээ. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард АН-ын тэргүүн дэд дарга болох саналаа намынхаа удирдлагуудад гаргасан аж. Тодруулбал, Сангийн сайд асан С.Баярцогт өдгөө АН-ын тэргүүн дэд даргын албан тушаалыг хашиж буй билээ.

Х.Тэмүүжингээр удирдуулвал АН сэхэл авах магадлалтайг журмын нөхөд нь хэлж буй юм. АН-ын ҮБХ-ны үнэт зүйл, үзэл баримтлалгүй нөхөд жинхэнэ сөрөг хүчин байх боломж олгодоггүй бөгөөд Х.Тэмүүжин намын даргаар сонгогдвол энэ бүгдийг цэгцлэх чадвар бий гэлцэнэ. Түүнийг харьцангуй өндөр боловсролтой, нам төдийгүй нийгмийг эрүүлжүүлж чадахуйц боловсон хүчин гэж үнэлдэг нь олон аж.

Ямартаа ч Ардчилсан нам дотор ссонгуульд намаа ялагдуулсан намын даргатайгаа хариуцлага тооцох “шалтгаан”-аар Л.Гантөмөрийг зайлуулж, орных нь хүнийг сонгох “тэмцэл” эрчимжжээ.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. АН элбэгдорж, сайханбилэг, баярцогт, хурц, батүүл гэх мэт нөхдөө намаасаа хас, дараа дээрх хүмүүсийн гар хөл бологсодоо зайлуул,жишээ нь лодойсамбуу болон бусад нөхдүүд

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу