Танд харагдаж байгаа дээрх хүнсийг 4-5 гишүүнтэй өрхийн нэг өдрийн хэрэглээ гэж тооцон худалдаж авчээ. Худалдан авалтын нийт дүн нь 55,905 төгрөг болсон байна. Чихэр, жимс мэтийн тансаг хэрэглээ байхгүйгээр шүү.

Дээрх дүнгээр тооцоход л сард 1 сая 677 мянган төгрөгийг хүнсэндээ зарцуулах болж байна. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан сүүлийн судалгаагаар буюу 2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар манай улсын дундаж цалин 1 сая 115 мянган төгрөг гэжээ. Үүнээс харахад тансаг хэрэглээгээ танаад ч улсын дундаж цалин өрхийн сарын хүнсээ авахад хүрэхээргүй болсон байна. 


MEC судалгааны байгууллагаас сар бүр хийдэг хүнсний бүтээгдэхүүний үнийн талаарх судалгаагаа танилцууллаа. Судалгаагаар өрхийн өдөр тутмын хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг харуулдаг юм. 

Судалгааг хийхдээ Улсын их дэлгүүрт байрлалтай Номин супермаркетаас өрхийн хэрэглээний суурь хүнсний бүтээгдэхүүнүүдийг багцлан худалдан авсан байна. 

Хүнсний багцад 10 ширхэг өндөг, нэг ширхэг талх, 0,5 литр ургамлын тос, 0,25 грамм хиам, 0,16 грамм сонгино,500 грамм төмс, 1 литр жүүс, 1 кг цагаан будаа, 0,954 кг хонины мах, 1 литр сүү, 1 кг гурил зэрэг бүтээгдэхүүнийг багтаадаг. Энэ нь 4-5 хүнтэй нэг өрхийн өдрийн дундаж хэрэглээ гэж тооцдог байна. Судалгааны үнийн дүнг өмнөх саруудтай харьцуулсан байдлаар хүргэе.

СҮҮЛИЙН НЭГ САРЫН ХУГАЦААНД МАХНЫ ҮНЭ ӨСӨЖ, БУСАД БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙНА

Дөрөвдүгээр сарын 1-нд худалдаалагдаж байсан үнийг гуравдугаар сарынхтай харьцуулахад “Любимый” гэх Орос жүүсний үнэ 600 төгрөгөөр буурч, хонины махны үнэ 954 төгрөгөөр өсжээ. Харин бусад бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй, хэвийн байна. Нийтдээ бол энэ багц бүтээгдэхүүний үнэ сүүлийн нэг сарын хугацаанд 0,6 хувиар буюу 354 төгрөгөөр нэмэгджээ.

ИМПОРТЫН УРГАМЛЫН ТОСНЫ ҮНЭ ХОЁР САРЫН ДОТОР 3000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЖЭЭ

Дөрөвдүгээр сарын 1-нд худалдаалагдаж байсан үнийг нэгдүгээр сарынхтай харьцуулахад дотооддоо хэрэгцээгээ хангах бүрэн боломжтой ургамлын тос, сонгино, төмс, мах, гурил, сүү зэрэг бүтээгдэхүүнүүдийн үнэ 1-53 хувь хүртэл өссөн байна. Тодруулбал, ургамлын тосны үнэ 53 хувиар буюу 2979 төгрөгөөр, сонгинын үнэ 38 хувиар буюу 168 төгрөгөөр, хонины мах 13 хувиар буюу 1431 төгрөгөөр, сүү 10 хувиар буюу 400 төгрөгөөр, гурил 5 хувиар буюу 120 төгрөгөөр нэмэгджээ. 

Гэтэл эсрэгээрээ ОХУ-аас импортоор авдаг “Любимый” гэх жүүсний үнэ 17 хүртэлх хувиар буюу 600 төгрөгөөр буурсан байна. 

ДОТООДЫН ҮЙЛДВЭРИЙН УРГАМЛЫН ТОС ИМПОРТЫН ТОСНООС ХЯМД БАЙНА

Нэгдүгээр сард 0,5 литртэй “Слава” нэрийн ургамлын тос 5650 төгрөгийн үнэтэй байсан бол гуравдугаар сард 8629 төгрөг болж өсжээ. Хоёр сарын дотор 3000 орчим төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг юм. Уг тосыг ОХУ-аас импортоор авдаг.

Манай улс дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хүчин чадал бүхий Майндтеч, Монгол Алтан тос гэх хоёр том компани бий. Эдгээр компанийн үйлдвэрүүд тус бүр жилд 30 мянган тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин улсын ургамлын тосны хэрэгцээ жилд 20 мянган тонн байдаг аж. Судлаад үзэхэд Майндтеч ХХК “Эзэгтэй” гэх нэртэй ургамлын тос үйлдвэрлэж, нэг литрийг нь 7000 төгрөгөөр худалдаалдаг юм байна. 0,5 литр нь 3500 төгрөг гэсэн үг.  Тэгэхээр дотоодын үйлдвэрийн ургамлын тос экспортын тосноос 5129 төгрөгөөр хямд байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу